О.Цогтгэрэл: Төр өөрт байгаа дата мэдээллээрээ ашиг олох боломжтой

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-01-26 14:22:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өнөөдөр өргөн барилаа.


Уг хуулийн төсөлд хувь хүний, байгууллагын болон улсын нууцаас бусад төрд байгаа дата мэдээллийг арилжааны зориулалтаар гаргах зохицуулалтыг тусгасан байна.


Энэ талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхдээ, “Орчин үеийн гар утасны аппликейшн бол дата мэдээлэлд тулгуурладаг. Тухайлбал, ebarimt-ыг ашиглаад Монгол Улсын аль бүсэд ямар бараа бүтээгдэхүүн түлхүү борлуулж байгааг харах боломжтой. Тэгэхээр энэ бол бизнес эрхлэгчдэд судалгаа хийх шаардлагагүй, дата мэдээлэлд дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлж байна гэсэн үг. Тиймээс төр энэ мэдээллээсээ ашиг олох боломжтой. Коронавирусний улмаас бүх харилцаа зайн буюу цахим харилцаанд шилжиж байна. Тэгэхээр энэ хуулийн төслийг баталснаар зайнаас ажиллах, дижитал шилжилт хийхэд дэвшил гарах болно. Засгийн газраас Өгөгдөл хамгаалах тухай, Хувь хүний нууцыг хамгаалах тухай, Цахим мэдээллийн тухай хуулийг өргөн барих болж байгаа юм билээ. Тэгэхээр энэ хуулиудтай хамт хэлэлцэх боломжтой” гэв.

Холбоотой мэдээ