Японы эрдэмтэд iPS эсийг анх удаа шилжүүлэн суулгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
sarnai@montsame.mn
2016-06-07 14:22:43

ТОКИО./TASS/. Олон боломжит зохиомол үүдэл эсийг /iPS/ нэг хүнээс нөгөө хүнд шилжүүлэн суулгах клиникийн судалгааг дэлхийд анх удаа хийх гэж байна.

Японы эрдэмтдээс бүрдсэн хэд хэдэн баг ирэх оны эхээр уг судалгааг хийхээр төлөвлөжээ. Энэ тухай телевизийн NHK суваг мэдээллээ.

Туршилтын явцад олон боломжит зохиомол үүдэл эсийн тусламжтайгаар ургуулсан нүдний торлог бүрхэвчийн эсийг macular disease буюу ахимаг насны хүмүүст голдуу тохиолддог нүдний торлог бүрхэвчид толбо үүсэх өвчнөөр шаналж буй хүнд шилжүүлэн суулгах юм. Энэ өвчин нь аажимдаа торлог бүрхэвчийг цочроож, улмаар хараагүй болгох аюултай.

Ийм аргаар эсийг шилжүүлэн суулгах нь хэд хэдэн давуу талтай юм. Учир нь, эсүүдийг урьдчилан ургуулж бэлтгээд, тусгай саванд хадгалдаг учраас цаг хугацаа бага зарцуулахаас гадна өртөг зардлын хувьд хямд тусдаг байна.

Харин өвчтөний өөрийнх нь эсээс iPS эсийг гарган авахад 10 сарын хугацаа хэрэгтэй бөгөөд мэс засал хийхэд хэдэн зуун мянган долларын өртөгтэй байх аж. Түүнээс гадна, донор болох хүн нь онцгой дархлаатай байж, түүний эсүүд нь ямар ч хүний бие организмд зохицох чадвартай байх ёстой юм. 

Судалгаанд Киотогийн Их сургууль, Осакагийн Их сургууль болон Кобэ хотын Анагаах ухааны төвийн эрдэмтэд хамтран оролцож байна. iPS эсийг нүдний өвчнийг эмчлэхэд ашиглах нь үр дүнтэй гэдгийг тэд өнгөрсөн онд тогтоосон бөгөөд 70 настай эмэгтэйд мэс засал хийсэн нь амжилттай болж, нүднийх нь харааг сэргээж чаджээ.

Дашрамд дурдахад, Киото хотын Их сургуулийн профессор Шинья Яманака үүдэл эсийн судалгааны салбарт хийсэн судалгааны ажлаараа 2012 онд анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртсэн ажээ. Энэ үеэс хойш уг салбарын судалгаанд Японы Засгийн газар болон олон нийт ихээхэн анхаарал тавих болсон байна.

Профессор Яманака ярихдаа “бид томоохон ахиц дэвшилд хүрч чадна гэдэгт итгэлтэй байна. Энэ чиглэлээр судалгаа хийдэг Японы бүх эрдэмтэд хүчин чармайлтаа нэгтгэх хэрэгтэй” хэмээн онцлон дурджээ.

Х.Сарнай

 

 

 


 

 

Холбоотой мэдээ