НӨАТ-ын сугалаанаас 40 сая төгрөг хожсон нэг тохиолдол илэрчээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-02-03 12:17:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШӨХТГ-аас НӨАТ-ын урамшууллын сугалаанд хийсэн шалгалтын дүнг өнөөдөр танилцууллаа.

Шалгалтаар сугалааг явуулдаг Гааль, татвар, санхүү, мэдээллийн төвд 2018 онд ажиллаж байсан алба хаагчийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой нэг тохиолдол илэрсэн бөгөөд хонжворын дүн 40 сая төгрөг байжээ. ШӨХТГ-аас цагдаагийн байгууллагатай хамтран явуулсан шалгалтад Гааль, татвар, санхүү, мэдээллийн төвд өмнө нь ажиллаж байсан болон одоо ажиллаж буй 139 алба хаагчийг хамруулж, тэдний гэр бүлтэй хамааралтай 961 иргэний судалгааг гарган их мөнгөн дүнтэй хонжвор таарсан иргэдийн мэдээлэлтэй тулган шалгажээ.


Мөн сугалааны бөмбөлөгтэй холбоотой тоног төхөөрөмжийг Стандарт хэмжил зүйн газартай хамтран шалгахад зөрчил илрээгүй байна. 


Цаашид НӨАТ-ын сугалааны хонжворыг зохион байгуулахад одоогийн мөрдөж буй Мэдээллийн аюулгүй байдлын дотоод журамд өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам хэлж байна. 


Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ