С.Галбадрах: Цахим хичээлийн үр, өгөөжийг нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-02-04 14:50:14

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Дархан-Уул аймгийн Боловсрол, соёлын газрын дарга С.Галбадрахтай цар тахлын үед аймгийн боловсролын салбар хэрхэн ажиллаж байгаа, цахим хичээлийн үр, өгөөжийн талаар ярилцлаа. 


-Онцгой нөхцөл байдал үүссэн "Ковид-19" цар тахлын үед боловсролын байгууллагын хувьд сургалтаа хэрхэн зохион байгуулж байна вэ? 

-Дархан-Уул аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 26 сургууль болон нэг “Насан туршийн боловсролын төв”-д нийт 1122 багш, 22721 сурагчтайгаар хичээл, сургалтаа явуулж байгаа бол Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад төрийн өмчийн 30, хувийн хэвшлийн найман цэцэрлэгт 274 багш ажиллаж байна. Одоогийн байдлаар сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 89 хувьтай, сургууль завсарлалт байхгүй. Бид ковидын өнөөгийн нөхцөл байдалд төр засгаас болон аймгийн Онцгой байдлын газраас гаргасан шийдвэрт нийцүүлж сүүлийн үед цахим сургалтыг зохион байгуулж,теле сургалтад сурагчид, цэцэрлэгийн багачууд хамрагдаад явж байна. 

-Цахим сургалтыг орон даяар явуулж байгаа, Багшлах боловсон хүчний бэлтгэл хэр зэрэг хангагдсан бэ? 

-Үүссэн шинэ нөхцөл байдалд тохируулж өнгөрсөн оны эхний улирлаас сургалтыг цахим хэлбэрт бүрэн шилжүүлсэн. Үүнтэй уялдаж бидэнд шинэ шинэ боломж, сорилтууд гарч ирсэн. Энэ нь урьд өмнө нь дан ганц танхимын сургалтууд явуулдаг байсны хажуугаар зайны сургалтыг сонгон суралцаж байгаа хичээлүүдээр, мөн алсын зайгаар сургадаг сургалт байсан. Харин өнөөгийн нөхцөлд нийтийг хамарсан байдлаар энэхүү цахим сургалт нь өргөн хүрээг хамарч байгаа. Үүний тулд бид зохих бэлтгэлийг хангаад үе шаттайгаар цахим сургалтаа явуулж байна.

Юуны өмнө багш нараа бэлтгэх, цахим сургалттай холбоотой программуудыг бэлтгэж эзэмших, сургалтын арга зүйг боловсруулах зэрэг ажлыг хийх. Ялангуяа яамнаас гарсан зөвлөмжийн дагуу Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэнгээс сонголтот сургалт болон цахим чиглэлээр олон тооны сургалтууд хийж байгаа. Эдгээрт манай аймгаас хорь гаруй багш өөрсдийнхөө судлагдахуун дээр цахим хичээлүүдээ тавьж, үндэсний хэмжээнд туршлагаа дэлгэрүүлсэн. Ялангуяа мэдээлэл технологийн чиглэлээр манай аймагт багш болгон маш амжилттай өөрсдийн туршлагаа дэлгэрүүлж байна. Ингээд сургууль бүрт мэдээлэл технологийн багш нарт тулгуурласан “Багш нарын бүлэг” үйл ажиллагаа явуулдаг. Тэд өөрсдийнхээ мэдэж сурсан зүйлийг “Сургалт арга зүйн нэгдэл”-үүд “Багш нарынхаа бүлэг”-үүд дээр мэдлэг чадвараа хуваалцаж, задаргаа маягаар хийж байгаа. Бид энэхүү цахим сургалтад онцгой ач холбогдол өгч ажиллаж байна.

-Ер нь цахим сургалт хүүхэд бүхэнд хүрлээ ч гэсэн багш нар хүүхдүүтэйгээ харилцаж мэдлэг чадварыг нь бататгаж чадаж байгаа болов уу?

-Манай аймгийн нэг онцлог гэвэл нийт хүн амын 86 хувь нь Дархан хотдоо байдаг.  Шарын гол, Орхон, Хонгор сум гээд тооцож үзэхэд интернэтийн орчин, байдал нь бусад аймгаас арай илүү боломжтой. Тэгэхээр бид теле хичээлийн хажуугаар энэ сургалтыг хүргэснээр хүүхдүүдийн мэдлэг чадварыг бататгах, багш эргэх холбоонд өөрсдийнхөө ээлжит хичээлүүд дээр сурагчдын мэдлэг чадварыг сайжруулах тал дээр олон ажлыг амжилттай зохион байгуулж байгаа. Энэ талаар тайлангаа яам болон аймгийнхаа Нийгмийн бодлогын хэлтэст хүргүүлэн ажиллаж байна. Эцэг эхчүүдийн зүгээс ч бас энэ цахим сургалтад сэтгэл ханамжтай байгаа тухайгаа илэрхийлдэг. Тиймээс бид энэ хоёрдугаар сард хичээлүүдээ цахимаар явуулах бэлтгэл ажилдаа ороод явж байна.

-Цахим сургалтын эцсийн үр дүн нь ямар байдаг бол? Цахимаар орж байгаа хичээлүүд нь товчилж нягталсан давуу талтай боловч танхимын сургалтаар багш нар нь сурагчидтайгаа, сурагчид нь багш нартайгаа амьд харилцаа үүсгэж харилцан ойлголцоод явдаг. Гэтэл цахим сургалт тийм биш байдаг.

-Яах аргагүй энэ асуудал хөндөгдөж байгаа л даа. Бид шинэ нөхцөл байдалд дасан зохицох шаардлагатай болсон. Ялангуяа интернэтийн орчинд холбогдох боломжгүй болсон хүүхэд аймгийн хэмжээнд 300 гаруй байна. Хөдөө сумдын малчдын болон сумынхаа захын хорооллуудад байдаг хүүхдүүд. Эдгээр хүүхдүүдийн эцэг эхчүүдийн заримынх нь хувьд сэтгэл дундуур байгаа нь нууц биш. Энэ байдалд бид тухайн долоо хоногийн сургалтын материалыг эцэг эхчүүд болон хүүхдүүдэд нь хэвлэмэл байдлаар тарааж өгдөг. Ерөнхийдөө нийт эцэг эхчүүд манай цахим сургалтад сэтгэл хангалуун байдаг. Үүн дээр хэлэхэд ялангуяа бага ангийнхны хувьд хүүхдүүдэд ойлгохгүй үлдэж байгаа зүйл их байдаг. Тэдний хувьд интернэтэд холбогдох бололцоо тааруу, Ахлах ангийн хүүхдүүдийн хувьд харьцангуй боломжтой.

-Аймгийн хэмжээнд төгсөх ангийн хэчнээн сурагч байна вэ? Тэдэнд зориулсан давтлагын хичээл эхэлсэн, хэрхэн зохион байгуулж байгаа вэ?

-Аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрээр Дархан-Уул аймаг 2021 оны нэгдүгээр сарын 14-нээс эхлээд төгсөх ангийнхны давтлагыг эхлүүлээд явж байна. Аймгийн хэмжээнд 1141 төгсөх ангийн сурагч бий. Судлагдахуун болгон дээр нь давтлагын тоог тогтоож аваад явж байгаа бол одоогийн байдлаар 1060 гаруй сурагч давтлагад хамрагдахаар саналаа илэрхийлсэн. Энэхүү давтлага нь сайн дурын үндсэн дээр явагдана. Давтлагад аймгийн хэмжээнд нийт 280 багш, 310 анги танхимд давтлага өгөх төлөвлөлтийг хийгээд ажиллаж байна. Өдөрт 140-150 багш мянга гаруй сурагчид давтлага өгөхөөр ирдэг. Энэ нь багш бүхэн өдөр бүр давтлага өгөөд байгаа юм биш, нэг сурагч долоо хоногт 2-3 удаа ирэхээр зохицуулсан. Ингэснээр төгсөх ангийн сурагчдын давтлагын хичээл хэвийн явж байна.

-Танай байгууллагын харьяанд байдаг аймгийн соёлын байгууллагуудын ажлын хувьд 2021 онд төлөвлөгдсөн ямар ямар гол ажил байна вэ?

-Манай аймгийн хувьд Залуучууд театр, Музей, Төв номын сан, сумдын соёлын төвүүд гээд нийт долоон байгууллага байдаг. Эдгээр байгууллагууд өөрсдийнхөө түвшинд ажлаа үргэлжлүүлж байгаа. Нэгэнт л нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байгаа учраас онлайн хэлбэрээр иргэдэд, сурагчдад үйлчлэх арга хэлбэрүүдийг сонгон авч явуулж байна.

Тухайлбал: Залуучууд театр он солигдох мөчид цахим тоглолт хийсэн бол одоо цагаан сараар бас л цахим тоглолт хийхээр бэлтгэж байна. Энэ он томоохон тэмдэглэлт ойнуудтай түүхэн жил. Дархан хот байгуулагдсаны 60 жил болно, энэ ойд зориулаад манай соёл урлагийн байгууллагууд ихээхэн ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна. Хэрвээ ковидын нөхцөл байдал гайгүй болчихвол төлөвлөсөн ажлуудаа зуны улирлаас эхлээд үе шаттайгаар хийхээр төлөвлөсөн. Мэргэжлийн бэлтгэл, дотоод орчны тохижилтыг хийх зэрэг ажлууд хэвийн явж байгааг дурдах ёстой.

-Сая та түүхт ой болно гэлээ. Тэгш ойтой жилүүдэд байгууллага бүхэн бас үлдэцтэй томоохон ажлуудыг зохион байгуулж ирсэн уламжлалтай. Танай соёл, урлагийн байгууллагууд чухам ямар ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Бид энэ тал дээр төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Тухайлбал, аймгийн Төв музейн хувьд гэхэд “Дарханы нэвтэрхий толь”-ийг бүтээж байгаа. Үүнд өнгөрсөн жаран жилийн хугацаанд Дарханаас төрсөн алдартнууд, хийсэн томоохон бүтээн байгуулалтуудыг багтаасан номыг хийж байгаа бол аймгийн Залуучууд театрынхан нэг томоохон уран бүтээл хийж бэлэг барихаар бэлтгэл ажилдаа орсон. Ер нь аймгийн хэмжээнд түүхт ойдоо зориулж хийх ажлын тусгай төлөвлөгөө гарсан. 

-Соёл урлагийн байгууллагуудын хувьд 2021 онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын тухайд?

-Энэ оны хувьд бид хэд хэдэн бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна. Эхний ээлжинд бид Дархан сумын Өргөө багт нэг шинэ цэцэрлэг барьж ашиглалтад оруулна. Мөн 960 хүүхдийн Эко сургуулийн барилга угсралтын ажил хийхээр төлөвлөсөн. Нийгэмд чиглэсэн үр өгөөжтэй томоохон бүтээн байгуулалтын нэг ажлыг хэлбэл аймгийн Музей болон Номын сангийн цогцолборыг Хүүхэд Залуучуудын төв паркад байгуулахаар зураг төсөв нь батлагдаад, эхний хөрөнгө оруулалт нь шийдэгдэж, энэ онд нэг тэрбум төгрөгөөр барилгын ажлыг эхлүүлж суурийг тавина. Энэхүү том цогцолборыг бид ойрын жилүүдэд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Бусад урсгал засвар, хөрөнгө оруулалтын ажлууд сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагуудад төлөвлөгдсөний дагуу хийгдэнэ.

-Аймгийн Боловсрол, соёлын байгууллагууд аймгийнхаа нийгэм рүү чиглэсэн ямар ямар ажил хийхээр төлөвөн ажиллаж байна вэ?

-Манай салбарын нийт ажиллагсад энэ цар тахлын нөхцөлд хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах, аюулгүйн нөхцөлийг бүрдүүлэх талд онцгой анхаарал тавьж, үе шаттай ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Аймгийн Онцгой комиссоос хэд хэдэн үйлчилгээний газруудыг нээн ажиллуулахаар шийдсэн. Тэр дотроо иргэдийн өргөнөөр үйлчлүүлдэг зоогийн газар, дэлгүүр, үсчин зэрэг газар нээлттэй ажиллаж байна. Эдгээрийн халдвар хамгааллын ажилд манай багш нар, соёлын байгууллагын ажилтан ажиллагсад өдөр тутам эргүүл хяналтын үүргийг гүйцэтгэж байгаа. Үүнд үйлчилгээний газрууд халдвар хамгааллын дэглэмийг хэр зэрэг сахиж байна, мөн 18 хүртэлх насны иргэдэд үйлчлэхгүй байхыг, гудамж талбайд бөөнөөр цуглахыг хориглох зэргээр халдвар хамгааллын журмыг зөрчихөөс сэргийлж нийт 130 гаруй байгууллагад хяналт тавьж байна. Өдөр бүр хоёроос доошгүй удаа эргүүл хийдэг. Манай Соёл урлагийн нийт байгууллагуудын зүгээс Дархан-Уул аймгийн 60 жилийн ойд зориулаад 60 бүтээлч ажил хийх санаачилгыг дэвшүүлсэн. Тэгэхээр байгууллага бүхэн нэг ажил хийхэд үүнд хүрнэ гэж үзээд манай салбарынхан ихээхэн анхаарч ажиллаж байгаа.

-Хичээл сургалт тармагц л сургууль бүхэн урсгал болон их засварын ажил хийдэг. Энэ жилийн хувьд засвар хийх шаардлагатай сургууль, цэцэрлэг байгаа юу?

-Манай аймгийн сургуулиудын барилгын хувьд аймагтайгаа нас чацуу сургууль ч байна., бас ашиглалтын явцад урсгал засвар ихээр шаардагдсан газар цөөнгүй байгаа. Эдгээрийн судалгааг гаргаад Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёлын яаманд саналаа хүргүүлсэн. Ялангуяа зарим сургуулийн дээвэр, цахилгааны гээд хэд хэдэн асуудал тулгамдаж байгаа. Энэ бүхнийг бид үе шаттайгаар шийдэхээр төлөвлөсөн. Эдгээрийн зураг төсвийг нь хийж, улсын болон орон нутгийн төсөвт тусгуулахаар илгээсэн.

-Цахим хичээл үзэж байгаа болохоор хүүхдүүдэд сурах бичиг их хэрэг болдог байх. Теле хичээл маш товчхон, дэлгэрүүлж үзэх шаардлагатай юм шиг санагддаг. Сурах бичгийн хангалт жилийн жилд л хүрэлцээтэй биш байдаг гэж яригддаг?

-Сурах бичиг жилийн жилд бидэнд тулгамдсан асуудлуудын нэг байсаар ирсэн. Зарим жил сурах бичгүүд тухайн жилдээ хэвлэгдэж чаддаггүй. Заримдаа бараг хоёрдугаар улирал дуусч байхад ч ирдэггүй үе байсан. Харин цахим сургалтын хувьд гэвэл сургалтын материалуудаа багш нар өөрсдөө боловсруулаад сурагчиддаа хүргэж байгаа. Багш нар сурах бичгээс өөр нэмэлт сургалтын материалуудыг бэлтгэж өгч байгаа нь багшаас илүү их хүч хөдөлмөр, санаачилга шаардсан ажил гэж ойлгож болно. Урьд өмнө нь багш хичээл ороод, дараа нь даалгавар өгч шалгадаг байсан бол цахим хичээлийн хувьд багш онлайнаар хичээлээ заагаад бас л эргээд даалгавраа өгөөд, хүүхдээсээ өгсөн даалгаврынхаа биелэлтийг цахимаар хүлээн авч шалгах зэргээр багш, сурагч харилцан ойлголцоод явж байгаа нь цахим сургалтын үр дүн тийм ч муу биш гэж ойлгож болно.

-Цахим сургалт явуулж байгаа энэ үед интернэтийн сүлжээгүй газарт байгаа сурагчид, багш нартайгаа яаж холбогдох вэ? Теле хичээлээ үзсэн ч гэсэн даалгавраа явуулах, шалгуулах зэрэгт хүндрэл гарч байна уу?

-Бид сургалт явуулахдаа Улсын Онцгой комиссын шийдвэрийг үндэслэж, яамнаас өгсөн чиглэл зөвлөмжийн дагуу ажиллана. Үүний тулд ямар шийдвэр гарна, сургалтыг хэзээнээс эхлүүлнэ тэр цагт нь бид сургалтаа эхлэх бэлтгэлээ хангасан байх ёстой учир танхимын болон цахим сургалт явуулах бүх бэлтгэлээ хангаад ажиллаж байгаа. Цахим сургалтыг явуулахын тулд сурагчдад юуны өмнө интернэтийн багц шаардлагатай байдаг. Ийм болохоор бид өнгөрсөн долоо хоногт Мобиком компанитай гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр аймгийн хэмжээнд дата багц авах боломжгүй, захын сургуулиудын сурагчдын судалгааг хийж 300-гаад сурагчдын нэрсийг гаргаж өгсөн. Эдгээр сурагчдыг дугаартай үнэгүй датагаар хангах саналыг Мобиком компанид өгснөөр тэд дэмжин ажиллахаар болсон. Тиймээс дээрх сурагчид интернэтэд холбогдож цахим хичээлээ үзэх боломжтой бөгөөд багштайгаа холбогдож нэмэлт мэдээлэл авч даалгавраа хянуулна. Бид нэгэнт л цаг үеийн нөхцөл байдалтайгаа уялдуулан боловсролын үйлчилгээг хүргэж байгаа тул цахим хичээлийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ.

-Ярилцсанд баярлалаа.

 

Холбоотой мэдээ