Бичиг үсгийн олон улсын өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-08 11:24:04

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Өнөөдөр бичиг үсгийн олон улсын өдөр тохиож байна.


Энэ жилийн хувьд дэлхий нийтээр “Дижитал шилжилтийн эрин үед бичиг үсгийн боловсролыг дэмжих нь” уриан дор тэмдэглэж, технологи нь унших, бичих, мэдлэг бүтээх шинэ боломжийг нээж, боловсролын хүртээмжийг тэгш байдлаар өргөжүүлж буйг онцолж байна.


Монгол Улсад энэ өдрийг анх удаа албан ёсоор тэмдэглэхээр ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс санаачлан, Монгол Улсын Үндэсний номын сан, Баянгол дүүргийн Насан туршийн суралцахуйн төвтэй хамтран ерөнхий боловсролын “Наран” сургуулийн сурагчдыг үндэсний бичгээ судлах, соёлын баримтат өвийг үнэлэх, насан туршийн боловсрол эзэмших урам зориг өгөхөд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулжээ. Сурагчдыг Үндэсний номын санд хүлээн авч, үндэсний номын сангийн баялаг сан хөмрөгийн тухай болон хүүхэд багачуудыг эх бичгээ судлах, соёлын баримтат өвөө үнэлэх сэдэл санаачилгад хөтлөхөд чиглэсэн хөтөлбөрийг номын сангийн захирал Б.Ичинхорлоо танилцуулсан юм. Сурагчид номын сангийн үйл ажиллагаа, сан хөмрөг, Үнэт ховор номын музейтэй танилцаад, монголчуудын бичиг үсгийн түүх, монгол бичгийн цахим хэрэглээ, монгол уран бичлэгийн сургалтад хамрагдахаар болсон байна. 



ЮНЕСКО-гийн санаачилгаар 1966 онд “Бичиг үсэг үл мэдэх явдлыг устгах дэлхийн боловсролын сайд нарын бага хурлын” зөвлөмжийн дагуу тунхагласнаас хойш хүн бүрийг бичиг үсэгтэй болоход тэгш хүртээмжтэй оролцоог хангах, боловсрол, соёлын түвшинг дээшлүүлэх, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулахаар дэлхий нийтээр тэмдэглэсээр иржээ.



Холбоотой мэдээ