Токиогийн Олимпыг зохион байгуулах хорооны тэргүүн хүлцэл өчжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2021-02-04 15:30:30

ТОКИО. /BBC/. Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Мори Ёширо эмэгтэйчүүдийн талаар “зүй бус” үг хэлснийхээ төлөө хүлцэл өчжээ.


М.Ёширог огцрохыг шаардсан уриалга гарсны дараа тэрбээр ийнхүү мэдэгдэл хийжээ. Өдгөө 83 настай М.Ёширо хэлсэн үгнийхээ төлөө хүлцэл өчиж байгаагаа илэрхийлсэн боловч албан тушаалаасаа огцрох төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдсэн байна.


Токиогийн Олимпыг зохион байгуулах хорооны тэргүүн эмэгтэйчүүд хэтэрхий их ярьдаг тул удирдах зөвлөлийн эмэгтэй гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь аливаа хуралдааныг сунжруулахад хүргэнэ гэж лхагва гарагт болсон Японы Олимпын хорооны уулзалтын үеэр хэлжээ.


Олимпын хорооны зөвлөл нь одоогоор 24 гишүүнтэй бөгөөд тэдний тав нь эмэгтэй ажээ. 2019 онд уг хороо удирдах зөвлөлийн гишүүдийн тоог 40 хувьд хүргэж нэмэгдүүлэх зорилт тавьжээ.


“Хэрэв бид зөвлөлийн эмэгтэй гишүүдийн тоог нэмэгдүүлвэл тэдний ярих цагийг ямар нэгэн байдлаар хязгаарлах хэрэгтэй" гэж М.Ёширо хэлснийг “Asahi Shimbun” сонинд иш татан мэдээлсэн байна.


Японы Ерөнхий сайдын албыг 2000-2001 онд хашиж байсан М.Ёширо нь Засгийн газрын тэргүүний албыг хаших хугацаандаа дипломат бус мэдэгдэл, буруу үйлдлүүд хийж байснаараа улсдаа нэртэй ажээ. Түүний сүүлд хэлсэн үг мөн л олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, “Twitter” нийгмийн сүлжээнд “#Moriresign” уриалга хүчтэй өрнөхөд хүргэжээ. 

Холбоотой мэдээ