Москвагийн парадыг биширдэг Мьянмарын хунтын толгойлогч Мин Аун Хлаин

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2021-02-08 15:53:02

Зүүн Өмнөд Азийн 2 дахь том хүчирхэг армийн ерөнхий командлагч Мин Аун Хлаин 2 дугаар сарын 1-нд гарсан цэргийн эргэлтээс хойш Мьянмарыг удирдаж байна. Ингэснээр тус улс дахин цэргийнхний эрхшээлд орсон ба генерал Хлаин цаашдаа эрх мэдлээ улам тэлж, Мьянмарын ойрын ирээдүйг тодорхойлох зорилготой байгаа бололтой. 


Эрх мэдэлд хүрэх зам


Өдгөө 64 настай генерал Хлаин бүхий л амьдралаа Тамадо буюу Мьянмарын армид зориулжээ. Янгоны их сургуулийн хуулийн ангийн оюутан байсан тэрбээр гурван удаа шалгалт өгсний эцэст 1974 онд Батлан хамгаалахын академид элсэн орсон байна. Төгссөнийхөө дараа явган цэргийн ангид алба хааж байхдаа бусдаас онцгойрохоор гавьяа байгуулаагүй хэдий ч аажмаар цол тушаал ахисаар 2009 онд Тусгай ажиллагааны 2 дугаар товчооны захирагч болов.

Энэ албыг хашиж байхдаа тэрбээр Мьянмарын зүүн хойд нутагт явуулсан тусгай ажиллагааг удирдсан бөгөөд уг ажиллагааны улмаас үндэсний цөөнх болох олон арван мянган хүн Хятадтай залгаа хилийн ойролцоох Шан муж, Кокан бүс нутгаас дүрвэхээс аргагүйд хүрчээ. Түүний удирдсан цэргүүд аллага, хүчирхийлэл үйлдэж, хүмүүсийн орон гэрийг галдан шатаасан гэж буруутгаж байсан боловч Мин Аун Хлаин-ыг 2010 оны 8 дугаар сард Зэвсэгт хүчний Нэгдсэн штабын даргаар томилжээ. 


Улмаар жил хүрэхгүй хугацааны дараа өөрөөсөө цолоор илүү генералуудаас урьтан арми дахь хамгийн өндөр албан тушаал болох зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн албыг хаших болжээ. Уг албан тушаалыг тэрбээр 2002 оноос хойш Мьянмарыг удирдаж байсан цэргийн дарангуйлагч Тан Шве-гээс хүлээн авав.



“Мьянмарын түүх бол Зэвсэгт хүчний түүх, Зэвсэгт хүчний түүх бол Мьянмарын түүх”


“Бага түрүүчээс гараагаа эхэлсэн би Ерөнхий дээд командлагч боллоо. Бирм улсад социализм байгуулж байх үед армид алба хааж, цэргийн засаг захиргаанд алба хашиж байсан бол одоо ардчилсан засгийн үед ажиллаж байна. Би салаа, рот, батальон, хороо, цэргийн тойргийг командалж байсан” гэж 2020 онд тэрбээр Оросын “Аргументы и факты” сонинд ярилцлага өгөхдөө хэлж байв. Түүний талаар зохиолч Хла Оо тодорхойлон бичихдээ “Хлаин бид хоёр хүүхэд байхаасаа бие биенийгээ сайн мэднэ. Тэр бол тулалдаанд хатуужсан дайчин эр, үүний сацуу жентельмен эр, бас судлаач эрдэмтэн хүн” гэжээ.


2011 оныг хүртэл Мьянмарыг цэргийнхэн удирдаж байсан тухайд Хлаин онцлон хэлэхдээ “улс төрийн эрх мэдлийг бүхэлд нь атгаад байхыг цэргийнхэн бид хэзээ ч эрмэлзэж байгаагүй ээ. Асуудлын гол нь, төрийн эрхийг шилжүүлэн өгчихөөр хүн байгаагүйд оршино. Гэхдээ энэ бол Зэвсэгт хүчин өөрийн үзэмжээр улс орныг захирч байсан гэсэн үг биш ээ. Бид ард түмнийхээ дуу хоолойг үргэлж сонссоор ирсэн. Өнгөрсөн он жилүүдэд парламент ажиллаж, сонгууль явагдаж байсан” гэж ярьсан нь бий.  


Улс төрийн нөлөө ба геноцид

 

Цэргийн дэглэм 50 жил ноёрхсоны дараа 2011 онд ардчилалд шилжих үед генерал Хлаин Дээд ерөнхий командлагчийн албан тушаалд дөнгөж томилогдоод байв. Ардчилал ялсан хэдий ч Тамадо урьдын адил улс оронд явагдаж буй улс төрийн үйл явцыг тодорхойлох хэмжээнд хянасан хэвээр байлаа. Цэргийнхний дэмжлэгийг хүлээсэн “Эв нэгдэл, хөгжлийн холбоо” нам засгийн газрыг удирдаж байх үед Хлаины улс төрийн нөлөө, нэр хүнд нийгмийн сүлжээнд улам өссөөр байв. 


Гэтэл 2016 онд Нобелийн Энх тайвны шагналт Аун Сан Сү Чи-гийн удирдсан "Ардчиллын төлөөх Үндэсний лиг" нам сонгуульд ялж, засгийн эрхэнд гарсны дараа Хлаин шинэ нөхцөл байдалд зохицох болов. Тэрбээр олон нийтийн арга хэмжээний үеэр Аун Сан Сү Чи-гийн хамт олонтоо оролцож байлаа.

Ардчилсан өөрчлөлтүүд гарсан боловч парламентын хоёр танхимын суудлуудын 25 хувийг зэвсэгт хүчний төлөөлөгчид эзэлж байсан төдийгүй засгийн газар дахь аюулгүй байдалтай холбоотой албан тушаалуудыг цэргийнхэн хашдаг байлаа. Үүнд Хлаины оролцоо яах аргагүй бий. Тэрбээр Сү Чи-гийн удирдсан намын зүгээс Үндсэн хуулийг өөрчлөх, цэргийнхний эрх мэдлийг хязгаарлах гэсэн оролдлогуудыг сөрөн эсэргүүцдэг байв.


2016-2017 онуудад цэргийнхэн Ракхайн мужийн хойд нутагт амьдардаг мусульман шашинт цөөнх үндэстэн болох рохинжачуудын эсрэг залхаан цээрлүүлэх ажиллагаа явуулсны улмаас олон хүн хөрш Бангладеш руу дүрвэн гарсан билээ. 


Энэ хэрэг явдлын дараа 2018 оны 8 дугаар сард Хүний эрхийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд “Мьянмарын цэргийн өндөр тушаалтан генералууд, тэдний дотор армийн Ерөнхий дээд командлагч Мин Аун Хлаиныг мөрдөн шалгаж, Ракхайн мужид хоморголон устгах ажиллагаа явуулсан, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг өдүүлсэн, цэргийн гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөө шүүхэд шилжүүлэх ёстой” гэж дурдсан байна. 


Эл мэдэгдэл гарсны дараа “Фэйсбүүк” компанийн зүгээс генерал Хлаин болон Мьянмарт хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн хэрэгт холбоотой бусад хүмүүс, байгууллагын аккаунтуудыг устгасан байна. Түүнчлэн 2019 онд Америкийн эрх баригчид “угсаатны цэвэрлэгээ”, хүний эрхийг зөрчсөн ажиллагаанд оролцсоны учир Мин Аун Хлаины эсрэг хориг арга хэмжээ авсан ба 2020 оны 7 дугаар сард Их Британи улс уг хоригт нэгджээ.


Төрийн эргэлт


Албан ёсны мэдээллээр, 2020 оны 11 дүгээр сард болсон сонгуульд Аун Сан Су Чи-гийн удирдсан нам ялалт байгуулсан боловч цэргийнхний дэмжлэгийг хүлээдэг “Эв нэгдэл, хөгжлийн нам”-ынхан “сонгууль булхайтай болсон” хэмээн гомдол гаргаж, маргаан дэгдээжээ.


Гэвч Сонгуулийн хороо уг гомдлыг хэрэгсээгүй ба 2 дугаар сарын 1-ний өдөр сонгуулийн дүнгээр байгуулагдсан шинэ парламентын анхны хуралдаан болж, шинэ засгийн газрын бүрэлдэхүүнийг батлах гэж байв. 


Энэ үед засгийн газар ба зэвсэгт хүчний хоорондын зөрчил хурцдах тусам цэргийн эргэлт болох нь гэсэн цуу яриа тархаж эхэллээ. 1 дүгээр сарын 27-нд генерал Хлаин анхааруулах байдлаар үг хэлэхдээ “хэрвээ дагаж мөрдөхгүй л юм бол Үндсэн хуулийг хүчингүй болгох хэрэгтэй” гээд 1962, 1988 оны цэргийн эргэлтүүдийг сануулан дурдсан байна. 


 “Улс төрийн эрх мэдлийг бүхэлд нь атгаад байхыг цэргийнхэн бид хэзээ ч эрмэлзэж байгаагүй ээ. Асуудлын гол нь, төрийн эрхийг шилжүүлэн өгчихөөр хүн байгаагүйд оршино.


Харин 30-ны өдөр түүний тамгын газраас залруулга хийж, Үндсэн хуулийн талаар цэргийн албан тушаалтнуудын хэлсэн үгийг хэвлэл мэдээллийнхэн буруу тайлбарласан гэдгийг мэдэгджээ. Гэвч 2 дугаар сарын 1-ний өглөө цэргийнхэн эрх баригч намын дарга, улс орныг дефакто удирддаг Аун Сан Сү Чи, Мьянмарын ерөнхийлөгч Вин Мьин болон бусад нөлөө бүхий улстөрчдийг баривчилсан байна.


Мин Аун Хлаин шилжилтийн үеийн засгийн эрх мэдлийг өөртөө авч байгаагаа мэдэгдээд, 2020 оны сонгуулийн үеэр гарсан зөрчлийг шалгаж, шинээр сонгууль явуулна гэдгийг зарлав.


Ташрамд дурдахад, энэ оны 7 дугаар сард 65 нас хүрэх тэрбээр зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн албан тушаалаас огцрох ёстой боловч үүссэн нөхцөл байдлыг ажвал, дахиад нэг жил засгийн эрхийг барих боломжтой болсон төдийгүй Мьянмарт цэргийн дэглэм тогтсон тохиолдолд илүү урт хугацаанд улс орноо захирч магадгүй. 


Оростой тогтоосон найрамдал


Орос улсад 6 удаа айлчилж байсан генерал Хлаин бол Мьянмар-ОХУ-ын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө шаргуу зүтгэдэг хүн юм. 2020 онд С.Шойгу-гийн урилгаар Москвагийн цэргийн парадыг үзсэн тэрбээр “Оросын цэргийн парад бол үнэхээрийн агуу сүрлэг” гэж бахдан хэлж байв.


Цэргийн эргэлтийн өмнөхөн 1 дүгээр сарын 21-22-нд Оросын Батлан хамгаалахын сайд С.Шойгу Мьянмарт айлчилсан ба айлчлалын дүнд Мьянмар улс агаарын довтолгооноос хамгаалах "Панцирь-С-1" цогцолбор, "Орлан-10Е" нисгэгчгүй онгоцуудыг Оросоос худалдан авахаар тохиролцжээ.  

Өнгөрсөн хугацаанд Оросын тал Мьянмар улсад нийт 30 МиГ-29 байлдааны онгоц, сургалт-байлдааны 12 Як-130 нисэх онгоц, 6 Су-30СМ сөнөөгч онгоц, 10 нэгж Ми-24, Ми-35П нисдэг тэрэг болон зенитийн пуужингийн "Печора-2М" цогцолборыг нийлүүлээд байгаа юм.  


Генерал Хлаин нэгэн удаа ярихдаа “Цэрэг-техникийн хамтын ажиллагааны гол ач холбогдол нь сөнөөгч онгоц, танк, шумбагч онгоц худалдан авахдаа гол нь бус харин цэргийн боловсрол чухал юм. Мөнгө хэзээ нэгэн цагт дуусна, цэргийн техник эрт орой нэгэн цагт хуучирч элэгдэнэ, харин мэдлэг үлдэнэ” гэдгийг онцолж байлаа.


Түүний ярьснаар, Мьянмарын 6 мянга гаруй цэргийн албан хаагч Оросод боловсрол эзэмшжээ. Мөн Мьянмарын цэргүүд Оросын нутаг дэвсгэрт болдог цэргийн сургуулилтуудад байнга оролцдог байна.


Б.Адъяа

Эх сурвалж: ВВС   

Холбоотой мэдээ