Тусгаарлагдах зочид буудлаа сонгох боломжийг иргэдэд олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тусгай нислэгээр ирэх иргэдийг тусгаарлах зочид буудлын бизнесийг дэмжих бодлого баримтална хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдэгдлээ.
Тэрбээр, Засгийн газраас цар тахлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний цогц төлөвлөгөөг танилцуулах үеэр дээрх зохицуулалтын талаар дурдсан юм. Тодруулбал, зөвхөн 50 мянган төгрөгийн үнэтэй газар байрла гэж тулгахгүй, зочид буудлын эзэдтэй ярилцаж халдвар хамгааллын дэглэмээ барьсан газарт тусгаарлах бизнесийг нээж өгөх бодлого барих юм. Жишээлбэл, томоохон зочид буудлын 1-3 давхрыг халдвар хамгааллын дэглэмтэй бүс болгож камерын нарийн хяналт тавина. Зөрчил гаргавал шууд зочид буудлыг хаана. Тухайн иргэн 50 мянгаас 1000 ам.доллар хүртэлх үнэтэй зочид буудалд өөрийн сонголтоор тусгаарлагдах боломжийг нээж өгч байгааг Ерөнхий сайд онцолсон юм.
Өнөөдрийн байдлаар, 9135 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн байна. Шинэ Засгийн газар эхний 100 хоногтоо багтаж 16 тусгай нислэгээр 2560 иргэнээ татан авахаар бэлтгэл хангасан гэдгийг тус мэдээллийн үеэр тодотгов.