Жижиг, дунд бизнесүүдэд гурван хувийн хүүтэй хоёр их наяд төгрөгийн зээл олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-10 17:52:21
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цар тахлын үед бизнес нь хүндэрч байгаа жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор, хоёр их наяд төгрөгийн, жилийн гурван хувийн хүүтэй зээлийг зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр танилцууллаа. 


Засгийн газраас цар тахлын үед хэрэгжүүлэх арга хэмжээний цогц төлөвлөгөөг танилцуулах үеэр дээрх мэдээллийг өгсөн юм. Тэрбээр, "Ажлын байр бий болгож байгаа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хамгийн том хохирол учирсан. Тэдний томоохон асуудлын нэг нь зээлийн хүү, түрээс юм. Үүнийг шийдэхийн тулд, хоёр их наяд төгрөгийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай урьдчилгаа төлбөргүй, нэг жилийн хугацаанд зчөлөөлөх зээлийг зах зээлд нийлүүлнэ гэж тооцсон. Ингэхдээ, нэг их наяд төгрөгийг Хармагтайн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах байдлаар босгоно. Засгийн газар тус ордын ТЭЗҮ-г шийдвэрлэсэн. Алтны урьдчилгаа байдлаар Монголбанктай харилцан тохирно" хэмээлээ. 


Мөн Засгийн газар Монголбанкнаас хүүгүй зээлээр нэг их наяд төгрөгийн бонд худалдан авч арилжааны банкуудад өгөх буюу зээлийн баталгаа болгохоор төлөвлөжээ. Ингэснээр, дээрх зээлийг бүх арилжааны банкуудаар олгох юм. 


Түүнчлэн төв банкны менежментийг өөрчилж дундаж орлоготой иргэдийг дэмжих ажил зохион байгуулна. Ингэснээр, арилжааны банкууд өндөр хүү тооцохгүй, дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцооны хүрээнд зээл олгодог байх тогтолцоонд энэ сарын 23-наас шилжинэ гэлээ. 

Холбоотой мэдээ