“Токио-2020” олимпын эрх олгох боксчдын чансааг ил тод зарлаж шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-02-17 08:05:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” олимпын эрх олгох боксын тэмцээнийг цуцлах тухай ОУОХ-ны Боксын Ажлын хэсгийн дарга Моринари Ватанабэ мэдэгдсэн талаар Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос мэдээллээ.


Олимпын эрх олгох боксын тэмцээн 2021 оны 6 дугаар сард Франц улсын Парис хотноо зохион байгуулахаар товлосон ч тамирчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, эрх олгох сүүлчийн тэмцээн болон олимпын наадмын хооронд доод тал нь 30-45 хоногийн сэргэлтийн бэлтгэл хийх боломжийг тамирчдад олгох, тухайн улсын Засгийн газрын бодлогын дагуу “Ковид-19” цар тахлаас сэргийлэх хорио цээрийн хугацаа, олон улсын аяллын хориг зэргийг харгалзан үзэж, ОУОХ-ны бокс хариуцсан Ажлын хэсгээс /BTF-Boxing Task Force/ эрх олгох хамгийн эцсийн болох Парисын тэмцээнийг цуцлах асуудлыг ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд албан ёсоор танилцуулах болсноо мэдэгдлээ.


“Токио-2020” зуны XXXII oлимпын наадмын боксын төрөлд эрэгтэйчүүдийн 8 жинд 186, эмэгтэйчүүдийн 5 жинд 100 тамирчин, нийт 286 тамирчинд эрх олгох юм. Үүнээс нийт тамирчдын 40 хувь нь Ази, Номхон далайн орнууд, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын эрхээ хүртээд байна.


Өнгөрсөн оны III сард “Ковид-19” цар тахлын улмаас ид дундаа зогссон Европын АШТ ирэх IV сард Лондон хотноо зохион байгуулах байсан ч мөн VI сар хүртэл хойшилсон, Америк тивийн эрх олгох тэмцээн V сарын 10-16-нд Аргентин улсын Буэнос-Айрeс хотноо болсноор тив тус бүрээс oлимпод оролцох шилдэг тамирчдын нэрс тодрох байв.


Боксын олимпын эрхийн дэлхийн тэмцээнээс үлдсэн 53 /эрэгтэй 32, эмэгтэй 21/ олимпын эрхийн төлөө тамирчид өрсөлдөх байсан ч ОУОХ-ны Боксын асуудал эрхэлсэн Ажлын хэсгийн 2021 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар “Парис-2021” дэлхийн эрхийн сүүлчийн тэмцээн  цуцлагдсан тул Африк, Америк, Ази-Далайн орнууд, Европ тив, бүс нутгуудад жин тус бүрт нь тэнцүү хуваарилахаар тогтлоо. Түүнчлэн олимпын эрх хүртээгүй ч хамгийн өндөр оноотой боксчинд нэр заан олгохоор бүх жинд тус бүр нэг эрх /квот/ хадгалж, бүх тэмцээн өндөрлөсний дараа эцэслэн зарлахаар шийдвэрлэжээ.


Иймд тивийн АШТ-ээс эрхээ хүртэж чадаагүй тамирчид нь сүүлийн 4 жилийн буюу 2017-2020 оны хооронд оролцсон олон улсын тэмцээний чансааны онооны /BTF Ranking/ дагуу тив тус бүрээс олимпын эрхийг дээрх тогтсон квотын дагуу олгоно.


“Энэхүү олимпын эрх олгох үйл ажиллагааг ил тод, шударга явуулах зорилгоор бүх тэмцээний дүн мэдээг хөндлөнгийн аудитаар журмын дагуу шалгуулсан байна” гэж ОУОХ-ны боксын Ажлын хэсгийн дарга Моринари Ватанабэ мэдэгджээ.

Холбоотой мэдээ