Сангийн сайд нарын уулзалтад 43 орны 210 төлөлөөлөгч оролцохоор иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-06-09 13:22:54

АСЕМ-ын 11 дүгээр хуралдааны салбар хуралдаан болох Сангийн сайд нарын 12 дахь удаагийн уулзалт өнөөдөр манай улсад эхлэх гэж байгаатай холбогдуулж АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны орлогч дарга Б.Баясгалан, ГХЯ-ны Ёслолын газрын захирал, АСЕМ-ын Аюулгүй байдал, ёслол хил нэвтрэх асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Тэгшжаргал нар МОНЦАМЭ агентлагийн байран дахь АСЕМ-ын Мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны орлогч дарга Б.Баясгалан Сангийн сайд нарын 12 дахь удаагийн уулзалт нь АСЕМ-ын уулзалтын хүрээн дэх уулзалтуудаас ач холбогдлоороо 3 дахь түвшний уулзалт болохыг мэдээллийн эхэнд онцлов. Тэрбээр цааш хэлэхдээ, “Энэхүү уулзалтад АСЕМ-ын гишүүн 43 орны 210 гаруй төлөөлөгч оролцож байна. Япон, Эстони, Мальт улсын Сангийн сайд нар, 8 улсын Сангийн дэд сайд нар, мөн олон улсын 12 банк санхүүгийн байгууллагын төлөөлөгч оролцохоор ирээд байна.

Уулзалтын хүрээнд 3 салбар хуралдаан болно. Нэгдүгээрт “Ази Европ тивийн макро эдийн засгийн хөгжил ба боломж” сэдвээр, Хоёрдугаарт “Дэлхий нийтийн болон бүс нутгийн түвшинд санхүүгийн тогтвортой байдлыг хангах нь”, Гуравдугаарт “Ази болон Европын таатай харилцаа ба хамтын ажиллагаа” сэдвээр тус тус хуралдаан өрнөнө. Мөн олон улсын банк санхүүгийн төлөөлөгчид манай улсын төр засгийн удирдлагуудтай уулзалт хийнэ. Уулзалтын хүрээнд Монгол Улс болон Олон улсын банк санхүүгийн байгууллагуудын хоорондын ирээдүйн хамтын ажиллагаа, харилцааны талаар хөндөж ярилцах юм” гэлээ.

Үүний дараа ГХЯ-ны Ёслолын газрын захирал, АСЕМ-ын Аюулгүй байдал, ёслол хил нэвтрэх асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Тэгшжаргал Сангийн сайд нарын 12 дахь уулзалт болон АСЕМ-ын 11 дэх уулзалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийв.

Тэрбээр, “АСЕМ-ын бэлтгэл ажлыг хангах үндэсний хороог Ерөнхий сайд ахалж байгаа. Дээд түвшний уулзалтын хүрээнд хэд хэдэн арга хэмжээ зохиогдохын нэг нь Сангийн сайд нарын 12 дахь удаагийн уулзалт юм. Эдгээр уулзалтын бүхий л талын бэлтгэл ажлыг Гадаад хэргийн яамны Ёслолын алба хариуцан ажиллаж байна. Бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу жигд хангагдаад явж байна.

АСЕМ-ын дээд түвшний уулзалтад нийтдээ 51 орон, АСЕМ ба Европын холбоо гэсэн хоёр олон улсын байгууллага, одоогийн байдлаар нийтдээ 49 түнш уулзалтад оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн. Зарим орны төлөөлөгчид тусгай үүргийн онгоцоор хүрэлцэн ирэхээр байгаа. Манай алба зочид төлөөлөгчдийг онгоцноос буухаас уулзалт дуусах хүртэлх бүхий асуудлыг хариуцан ажиллаж байна. Манай улсад ирэх төр засгийн өндөр дээд түвшний төлөөлөгчдөд өгөх бэлгийн сонголтыг хийж дууслаа. Бид аль болох үндэсний үйлдвэрлэгчдийнхээ хийж бүтээсэн эко, үнэ хямд бүтээгдэхүүнийг сонгоод байна" гэв.

Сангийн сайд нарын 12 дахь удаагийн уулзалт өнөөдөр 14:30 минутаас эхлэх ба хоёр өдөр үргэлжлэн холбогдох баримт бичгийг батлан гаргах аж. Тус уулзалтын дараа энэ сарын сүүлчээр Ази-Европын хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалт болох юм. Тодруулбал, ирэх сарын 13-14-нд болох АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын хүрээнд 5-6 дагалдах хурал болно.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ