Малчдаас өвс тэжээлийн захиалга иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-02-18 19:16:02

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Хаваржилт хүндэрч болзошгүй байгаа учир аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт малчид өвс, тэжээлийн захиалга өгч байна.


Тодруулбал, Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт байгаль, цаг агаар хүндэрч байгаатай холбогдуулан сумдаас малчдын түвшинд шаардлагатай байгаа  өвс, тэжээлийн захиалга авсан байна. Захилгын дүнг нэгтгэхэд 1909 тн өвс, 1058 тн тэжээлийн хэрэгцээ шаардлага байгаа тухай хүсэлтээ ирүүлсэн байна. 


Монгол Улсын Засгийн газрын 212 дугаар тогтоолоор улсын аюулгүйн нөөцөөс 450 тн өвсийг үнэ төлбөргүй, 300 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэснийг сумдад олгох ажлыг зохион байгуулж байгаа ажээ. Харин аймгийн аюулгүйн нөөцөд 553 тн өвс, 71.5 тн тэжээл бэлтгэснээс 270 тн өвсийг нь сумдад хуваарийн дагуу хүргүүлсэн байна. 

Тус аймгийн өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Дэлхийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслөөс Бигэр, Бугат, Дэлгэр, Тонхил, Төгрөг, Халиун, Чандмань, Цогт, Цээл, Эрдэнэ сумдад хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд 4.2 мянган малчин өрхөд 1.1 тэрбум төгрөгийн хүчит тэжээлийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэж, эхний ээлжийн 330 тн тэжээл аймагт ирснийг сумдад хуваарилан малчдад хүргэсэн бөгөөд хоёр дахь ээлжийн 300 тн тэжээлийг аймагтаа татан аваад байгаа тухай ХХААГ-аас танилцуулав.    

Түүнчлэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас зудын эрсдэлийг бууруулах, малчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Бигэр, Бугат, Дэлгэр, Тонхил, Төгрөг, Халиун, Цогт, Цээл, Чандмань, Эрдэнэ сумын зорилтот  бүлгийн нийт 160 өрхөд тэжээл, сувиллын багц олгосон юм. Харин “Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллагын орон нутгийн хөтөлбөр хэрэгждэг Эрдэнэ, Цогт сумын зорилтот бүлгийн 170 малчин өрхөд бэлэн мөнгөний тусламж, Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран “Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт” хөтөлбөрийн хүрээнд Тонхил, Шарга, Жаргалан, Тайшир, Есөнбулаг сумын нийт 150  малчин өрхөд бэлэн мөнгө болон малын эрдэс тэжээлийн багцын тусламж хүргүүлсэн байна.

Улаанбаатар хот дахь Говь-Алтай аймгийн Нутгийн зөвлөлөөс 150.0 сая төгрөгийн санхүүжилтээр өвөлжилт хүндрээд байгаа сумдын малчид, оторчдод эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн, эрүүл мэндийн анхны тусламжийн багц, малын тэжээл хүргэх ажлыг зохион байгуулж байна хэмээн холбогдох албанаас мэдээллээ. 


Холбоотой мэдээ