Л.Билэгдэмбэрэл: Ховд аймагт 828 ажлын байр шинээр бий боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-24 10:38:24

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Л.Билэгдэмбэрэлтэй уулзаж, өнгөрсөн онд хэрэгжүүлсэн зарим ажил, үр дүнгийн талаар цөөн хором ярилцлаа. 


-Танай байгууллага ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг. Өнгөрсөн 2020 онд хэчнээн иргэн тус үйлчилгээг авсан бэ?

-Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар (ХХҮГ)-аас зохион байгуулсан Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, үйлчилгээ”-нд нийт 2326 иргэн хамрагдсан. Үүнээс 1181 нь эмэгтэй.

Бүлгийн зөвлөгөөнд 1597 иргэн, ганцаарчилсан зөвлөгөөнд 729 иргэн хамрагдсан. Бүлгийн зөвлөгөөний хүрээнд Жаргалант сумын ерөнхий боловсролын долоон сургуулийн 8-12 ангийн 1500 суралцагчдад зориулан “Мэргэжил сонголтоо хэрхэн хийх вэ” сэдвээр сургалт зохион байгууллаа. Улмаар тэдний хувийн зан араншинг тодорхойлох тест ажиллуулах замаар тохирох мэргэжлийг нь зөвлөх, зорилгоо тодорхойлох, мөрөөдөлдөө хүрэх арга зам, хувь хүний хөгжлийн тухай мэдээлэл, их дээд сургуулийн элсэлтэд тавигдах шаардлага, тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Мөн коронавирусний халдвар хамгааллын дэглэмийг баримтлан хүүхэд бүрт амны хаалт, гар ариутгагч олгож, аюулгүй байдлыг ханган ажилласан.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 50 ажилтан, албан хаагчид зориулан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга зам, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр, нийгмийн халамжийн үйлчилгээний талаар мэдээлэл хүргэн ажилласан байна.  

-Тус байгууллага хэчнээн иргэнийг ажлын байранд зуучилсан бэ? 2020 онд шинээр бий болсон ажлын байрны тухайд?

-Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн LMIS программд бүртгэлтэй ажил хайгч иргэд 2020 оны байдлаар 1569 байна. Үүнээс 782 нь эмэгтэй. Манай хамт олон идэвхгүй 1260 иргэний мэдээллийг шинэчлэн бүртгэсэн. Мөн ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс 1388 сул чөлөөтэй ажлын байрны захиалга авч, улмаар 1240 иргэнийг ажлын байранд зуучиллаа. Үүнд байнгын ажлын байранд 600 (үүнээс 268 эмэгтэй), улирлын ажлын байранд 269 (үүнээс 52 эмэгтэй), түр ажлын байранд 371 (үүнээс 104 эмэгтэй) байна. Ийнхүү ажлын байранд зуучилсан иргэдийн 424 нь эмэгтэй байлаа. Ажилд зуучлагдсан иргэдийн 55.3 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Бид шинээр бий болсон 828 ажлын байрыг бүртгэж, бүртгэл мэдээллийн нэгдсэн LMIS программд орууллаа. Үүнд байнгын ажлын байр 461, улирлынх 141, түр ажлын байр 226 бий болсон.

-Залуу малчдыг дэмжих, малжуулах үйл ажиллагаа хэрхэн өрнөв?

-Ховд аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлөөс хөдөөгийн 16 суманд “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар сумдын амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар 53 малчин өрхийг сонгож, ашиг шим, үүлдэр угсаа сайн 4558 толгой ямаа, 882 толгой хонь нийт 5440 толгой бог малаар малжуулж, мал аж ахуйн салбарт 106 ажлын байр бий боллоо.  

-Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг хэрхэн дэмжиж байна?

-Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйличлгээний газраас хэрэгжүүлж буй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр” өргөжиж байна. Тодруулбал, 2020 оны 11 дүгээр сарын 5-нд Залуучуудын гарааны бизнесийг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулснаар 100 гаруй хүн оролцож, 42 бизнес санаа танилцуулсан. Улмаар "Эко хүүхдийн тоглоом", “Нэг Ховд-нэг брэнд” буюу бараа бүтээгдэхүүний брэнд хөгжүүлэлт, “Бургерийн бэлдэц” талх үйлдвэрлэл, “Сomer family“ барилгын бүх төрлийн захиалгат засварын үйлчилгээ, Дарви сумын Сутайн хишиг” алжаал тайлах цай, Алтай сумын “Коллекц” буюу бэлэн хувцас гоёл чимэглэл үйлдвэрлэл гэсэн зургаан гарааны бизнесийг дэмжиж, тус бүрт 10 сая төгрөгийг 36 сарын хугацаатай олгосон.  

Мөн коронавирусний халдварын тархалтын улмаас Шинэ эхлэх цэг ТББ-тай хамтран “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих үйл ажиллагаа”-ны сургалт, шалгаруулалтыг цахим (онлайн) хэлбэрээр зохион байгуулсан. Нийт 56 иргэн оролцохоор бүртгүүлж, 40 бизнес санаа танилцуулав. Ингээд шилдгээр Б.Хэрлэн ахлагчтай “Ховд буйдан“ баг, Б.Нинжбадгар ахлагчтай “Гэр бүлийн салоны үйлчилгээ”, Н.Наранчимэг ахлагчтай “Ангилсан махны бэлдэц, түгээлт”, Э.Даваадалай ахлагчтай “3D сийлбэр” баг шалгарч, тус бүр 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авахаар гэрээ байгууллаа.   

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг хэрхэн дэмжиж, санхүүжилт олгосон бэ?

-Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлт ирүүлсэн 45 иргэний үйл ажиллагаатай танилцаж, ажлын байранд нь нөхцөл байдлын үнэлгээ хийсэн. Улмаар хөгжлийн бэрхшээлтэй хувиараа хөдөлмөр эрхлэгч 31 иргэнд 73.0 сая төгрөгийг 48 сарын хугацаатай, 50 хувийн эргэн төлөх нөхцөлтэй олгож, 37 байнгын ажлын байр бий болгосон байна.

-Танай байгууллагын дэмжлэгтэйгээр ахмад мэргэжилтнүүд зөвлөх үйлчилгээ үзүүлж, урамшуулал авдаг уу?

-Тийм ээ. 2020 онд бид хувиараа хөдөлмөр эрхлэгч ахмад настанд санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд хамрагдах хүсэлт ирүүлсэн 32 иргэний ажлын байр, үйл ажиллагаатай танилцсан. Улмаар 18 ахмад настанд 24 сарын хугацаатай, 100 хувь эргэн төлөх нөхцөлтэй, 27.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож, 18 байнгын ажлын байр бий болгосон байна.

Мөн “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-т 171 ахмад мэргэжилтэн хамрагдаж, 20 салбар аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийн дагуу 660 иргэнд зөвлөх үйлчилгээ үзүүлж, арвин туршлагаа өвлүүлэх сургалт, арга хэмжээ зохион байгуулсан юм. Тус ажилд 51.8 сая төгрөгийн урамшуулал олгосон.     

-Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгаа вэ?

-Тус хөтөлбөрийн хүрээнд хувиараа хөдөлмөр эрхэлж, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулан ажлын байраа өргөтгөх, өрхийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор 175 иргэн төсөл ирүүлсэн. Үүнийг даргын зөвлөлд танилцуулж, 145 иргэнд 486.5 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэй, 36 сарын хугацаатай олгосон байна.

-Нийтийг хамарсан ажлын хүрээнд хэчнээн иргэнийг түр ажлын байраар хангав?

-Нийтийг хамарсан ажлын хүрээнд 17 сумын ЗДТГ-ын 27 төсөл, 10 аж ахуйн нэгж, байгууллагын 10 төсөл буюу нийт 41 төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, гэрээ хийсэн. Ингээд 595 иргэнийг түр ажлын байраар хангаж 154.0 сая төгрөгийн урамшуулал олгосон.

-Зарим ажил олгогчийг дэмжиж, гэрээ байгуулсан гэж сонслоо. Энэ тухай танилцуулбал?

-“Ажил олгогчийг дэмжих арга хэмжээ”-ний хүрээнд ажилгүй 18 иргэнийг байнгын ажлын байраар хангасан 13 ажил олгогчид 73.9 сая төгрөгийн урамшуулал олгосон. Мөн хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн LMIS программд бүртгэлтэй ажилгүй есөн иргэнийг байнгын ажлын байраар хангасан долоон ажил олгогчтой гэрээ байгуулсан байна.

-Иргэд бүлгийн зохион байгуулалттай хүнсний ногоо тарьж, дэмжлэг авч байна уу?

-Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас “Бүлгийн зохион байгуулалттай хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-г жил бүр зохион байгуулдаг. Энэ хүрээнд 2020 онд 14 сумын 16 бүлгийн 108 өрхийг хамруулсан. Тэд төмс, манжин, лууван, сонгино, өргөст хэмх, навчит байцаа, чинжүү, тарвас зэрэг 12 нэр төрлийн ногоо тарьж, 22.0 сая төгрөг зарцуулсан байна. Бүлгүүд ногоогоо тарих, арчлах ажлыг хийж 160 гаруй тонн ургац хураан авч, 80 сая төгрөгийн борлуулалт хийх замаар өрхийн орлогоо нэмэгдүүлсэн юм.

-Тэгвэл зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих арга хэмжээний тухайд?

-Зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих арга хэмжээ”-ний хүрээнд Эрдэнэбүрэн, Булган, Чандмань, Мөнххайрхан, Цэцэг, Дуут, Дарви, Алтай, Үенч, Мөст, Жаргалант, Мянгад зэрэг 12 сумын 19 бүлгийг хамрууллаа. Улмаар 169 иргэнд 29.2 сая төгрөгийн цалингийн урамшуулал олгохоор гэрээ хийж ажиллалаа.

- Аж ахуй эрхлэлтийн сургалтад хэчнээн иргэн оролцсон бэ?              

-Манай байгууллага нь “Саруул ухаан ТББ-тай хамтран Аж ахуй эрхлэлт”-ийн сургалт зохион байгуулсан. Үүнд 183 иргэнийг хамруулан 5.4 сая төгрөг зарцуулсан байна. Улмаар сургалтад хамрагдсан иргэдэд аж ахуй эрхлэх батламжийн гэрчилгээ олгосон.  

-Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох сургалт зохион байгуулсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?   

-“Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр”-ийн хүрээнд Мэргэжил олгох богино хугацааны сургалтыг Хөгжил политехник коллежтой хамтран зохион байгууллаа. Улмаар хумсны маникюр мэргэжлээр 15 хүнийг чадваржуулав. Мөн “Сайн хүн ТББ-тай хамтран худалдагч, худалдааны ажилтан мэргэжлээр 37 иргэнийг сургаж, мэргэжлийн сургалтад нийт 17.2 сая төгрөг зарцуулсан байна. Үйлдвэр дээрх сургалтыг Баясгалант өндөр хөхий ХХК-тай хамтран хэрэгжүүлж, талх нарийн боов бэлтгэх мэргэжлээр 20 хүнийг сургаж, 9.6 сая төгрөг зарцууллаа.

-Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд жижиг зээлд хамрагдах боломжтой юу?

-Дэлхийн банкны санхүүжилтээр олгож буй “Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээ”-ний хүрээнд Төрийн банкаар дамжуулан хувиараа хөдөлмөр эрхлэгч 54 иргэнд 474.3 сая төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 7.2 хувийн хүүтэй жижиг зээл хэлбэрээр олгосон байна.

-Танай хамт олон тодорхой цэгүүдэд эргүүлийн үүрэг гүйцэтгэж, сэрэмжлүүлэг мэдээлэл түгээсэн. Энэ тухайд?

-Хүүхэд хамгаалагч туршилтын хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 02 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүдийн хамт гудамж талбай, хүнс, бараа бүтээгдэхүүн, түлээ нүүрс, малын зах болон хүүхдийн тоглоомын талбай, Буянт гол орчим зэрэг газарт  таван удаа 20 цагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэлээ. Энэ хугацаанд асран хамгаалагчгүй, нимгэн хувцастай явж байсан бага насны нэг хүүхдийг ар гэрт нь хүргэв. Мөн амны хаалтгүй олон нийтийн газар, гудамж талбайд зорчиж байсан насанд хүрсэн 42, насанд хүрээгүй 19 иргэнд амны хаалт өгсөн. Бас тоглоомын талбайд тоглож байсан найман хүүхэд, түлээ нүүрсний зах дээр үйл ажиллагаа явуулдаг 11 иргэнд коронавирусний халдвар, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалах талаар яриа таниулга хийсэн. Түүнчлэн бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэр орондоо үлдээхгүй байх, ахуйн осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, гараа ариутгах, амны хаалт тогтмол зүүж хэвших талаар чанга яригчаар мэдээ мэдээлэл түгээж ажиллалаа.

-“Ховдод үйлдвэрлэв” борлуулалтын төвд хэчнээн төрлийн бүтээгдэхүүн байна вэ?

-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх Ховдод үйлдвэрлэв борлуулалтын төвд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн төсөл, хөтөлбөрт хамрагдсан иргэд, хөдөөгийн 16 суманд хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон зарим аж ахуй нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ борлуулж байна. Ийнхүү үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг цаг тухайд нь татаж, үйлдвэрлэгчдийг хэрэглэгчтэй холбон ажиллаж буйгаараа онцлогтой. Борлуулалтын төвд нийт 90 гаруй хувиараа хөдөлмөр эрхлэгчийн 200 гаруй төрлийн бүтээгдэхүүн худалдаж байна. Ингэхдээ хүнсний бүтээгдэхүүн, модон эдлэл, арьс шир, сур, бэлэг дурсгал, бүх төрлийн эсгий урлал зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр борлуулдаг юм. 2020 оны байдлаар 16.4 сая төгрөгийн өртөг бүхий бүтээгдэхүүний борлуулалт хийгээд буй.

-Танай байгууллага “Шилдэг ажил олгогч-2020” шалгаруулалт зохион байгуулсан. Энэ талаар танилцуулна уу?  

овд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас жил бүр Шилдэг ажил олгогч”-ийг шалгаруулж хэвшсэн. Бид Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг байнгын хамтын ажиллагаатай аж ахуйн нэгж, байгууллагаар очиж, ажлын байртай танилцан, ажилтнуудтай ярилцлага хийсэн юм. Улмаар 2020 оны ажил, үйл ажиллагаагаар дараах аж ахуйн нэгж, байгууллага тэргүүлсэн. Үүнд Шилдэг зуучлуулагч, захиалагч байгууллага”-аар Алтайн зам ХХК, “Шинэ ажлын байрыг хамгийн их бий болгосон байгууллагаар "Вестерн холдинг" буюу Ховд эко цементийн үйлдвэр, “Байнгын ажлын байраа хадгалагч байгууллагаар "Алтай эко тур" ХХК-ийн Аравт зоогийн газар, "Бүрэгтэй" ХХК–ийн "Golden бэйкери" тус тус шалгарсан.

"Алтайн зам" ХХК-ийн тухайд 2014 оноос хойш ажлын байрны захиалга байнга өгч, ажилгүй 186 иргэнийг ажлын байраар хангаж ирсэн. 2020 онд 29 ажлын байрны захиалга өгч, 26 иргэнийг ажлын байраар хангасан байна. Харин "Вестерн холдинг" компани нь 2020 онд Ховд эко цементийн үйлдвэр барих төсөлд 325 ажлын захиалга өгч, ажилгүй 286 иргэнийг ажлын байраар ханган ажилласан юм. Мөн "Алтай эко тур" ХХК нь үндсэн 12 ажилтантай бөгөөд энэ жил ажлын байрны цомхотгол хийгээгүй. Сул зогсолтын үед ажилтнуудынхаа цалин хөлсийг нь бүрэн олгож ажилласан. Тог, дулааны төлбөр тэглэсэнтэй холбоотой ажилтнуудын цалинг 20-30 хувиар нэмсэн байна. Түүнчлэн "Golden бэйкери" нь 2017 оноос хойш талх, нарийн боов, бялууны чиглэлээр үйл ажиллагаа тогтвортой явуулж ирсэн. Үндсэн долоон ажилтантай. Коронавирусний халдварын тархалтын үед ажлын байрны цомхотгол хийгээгүй, ажилтнуудынхаа цалинг тогтмол өгч ажилласан байна. 

-Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар төв ажиллаж байна. Тус төвийн үйл ажиллагаа хэрхэн өргөжиж байгаа вэ?

-Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар төв”-ийн үйлчилгээнд ажил идэвхтэй хайж буй, гарааны бизнесийг дэмжих арга хэмжээнд оролцох сонирхолтой нийт 81 залууг хамруулж, сургалт, зөвлөгөө, ганцаарчилсан байдлаар ажилласан байна. Загвар төвийн бүлгийн сургалтаар ажилд хэрхэн орох, хөдөлмөрийн зах зээлийн тухай мэдээлэл, хувь хүний хөгжлийн сургалт, start-up төсөл, гарааны бизнесийг хөгжүүлэх талаар зөвлөгөө өгсөн. Загвар төвд ажлын шуурхай ярилцлагыг давхардсан тоогоор таван удаа зохион байгуулсан. Ховд аймгийн Цэцэг сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа "Мезом" ХХК, "Мо-Эн-Ко" ХХК-ийн ажлын байрны захиалгын дагуу ажил хайгч 19 иргэн анкет бөглөж, 11 иргэн ажлын байрны ярилцлагад орсон байна. Загвар төвийн үе шаттай модуль сургалтад хамрагдсан 29 хүнээс "Ховд эко" цементийн үйлдвэрийн барилга угсралтын ажил, Мянгад сумын Тоосгоны үйлдвэрт туслах ажилтнаар, Замын компанид ковшийн оператор, Ховд арвай хүнс ХХК менежер, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо ТББ гэх мэт ажлын байранд зуучлагдсан байна. Тус төвийн модуль дөрвөн сургалтад хамрагдсан 62 залууд гарааны бизнесээ хэрхэн эхлүүлэх, хөгжүүлэх тухай мэдээлэл хийсэн.

-Ховд аймагт нийгмийн халамжийн үйлчилгээ ямар байна вэ?  

-Нийгмийн халамжийн тухай хууль”-ийн хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг иргэдэд түргэн шуурхай хүргэж, амжилттай хэрэгжүүлж байна. 2020 онд Нийгмийн халамжийн сан нь улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжиж, давхардсан тоогоор 41615 иргэнд 13.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон.

Мөн холбогдох хууль, тогтоол, шийдвэрийн дагуу нийгмийн халамжийн таван төрлийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгох амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг 100.000 төгрөгөөр, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний мөнгөн дүнг хоёр дахин, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг 100.000 төгрөг болгож тус тус нэмэгдүүлсэн. Ингээд 2020 онд Ховд аймгийн хэмжээнд нийгмийн халамжийн тэтгэвэрт 1793 иргэн хамрагдаж, сард 288.000 төгрөг олгосон. Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд нийт 1597 өрхийн 9060 иргэн (том хүн 4885, хүүхэд 4175) хамрагдсан байна. Улмаар сард насанд хүрсэн иргэнд 32.000 төгрөг, хүүхэд 16.000 төгрөг олгожээ. Харин хүүхдийн мөнгөн тэтгэмжид 35034 хүүхэд хамрагдаж, сар бүр 100.000 төгрөг тус тус олгосон гэх дүн мэдээ бий. 

-Нийгмийн халамжийн үйлчилгээнд “ehalamj.mn” цахим нэгдсэн систем нэвтрүүллээ. Гол үр дүн юу вэ?

-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим Монгол” арга хэмжээний хүрээнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох зорилго тавин ажиллаж буй. Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас нийгмийн халамжийн үйлчилгээнд “ehalamj.mn” цахим нэгдсэн систем нэвтрүүлж, 2020 онд Төрийн болон ХААН банктай хамтран Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн хүрээнд Цалинтай ээж, Жирэмсэн эх, Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж, Алдарт эхийн одон, Насны хишиг зэрэг зургаан төрлийн үйлчилгээнд хамрагддаг нийт 17384 иргэнийг дансжуулан, үйлчилгээг цахимаар олгож байна. Нийгмийн халамжийн үйлчилгээний “ehalamj.mn” нэгдсэн системийг хэрэгжүүлснээр тус байгууллагаар үйлчлүүлдэг иргэд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэж байна. Үйлчлүүлэгчид харилцагч банкинд дансаа холбож, карттай болох, интернэт банк, цахим үйлчилгээг ашиглаж гэрээсээ үйлчилгээ авахыг санал болгож буй.  

-Өнгөрсөн онд өдрийн болон явуулын үйлчилгээ үзүүлсэн. Энэ тухайд?  

-Ахмад настанд өдрийн үйлчилгээ, явуулын үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулах тендер зарласан. Улмаар тендерт шалгарсан “Ахмад чөлөөт эмч нар НҮТББ-тай хамтарч ахмад настнуудад “Өдрийн үйлчилгээ”, “Явуулын үйлчилгээ” үзүүллээ. Өдрийн үйлчилгээнд 90 ахмад настан, явуулын үйлчилгээг 29 ахмад настанд олгосон. Мөн  "Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ"-ний эрх авсан Ачлалт наран хайрхан ХХК-ийн “Ивээл эмнэлэг” нь хөгжлийн бэрхээлтэй 25 хүүхэд, 35 иргэнд сэргээн засах үйлчилгээ үзүүлсэн тул 10.5 сая төгрөгийг халамжийн сангаас олгосон юм.  

-Байгууллагынхаа ёс зүй, хариуцлагатай төрийн албан хаагчдыг тодруулсан гэж сонслоо?

-Тус байгууллага нь 2020 онд төрийн албан хаагчийн хариуцлага, ёс зүйг эрхэмлэн ажилласан албан хаагчдыг хамт олныхоо санал, тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу тодруулж, урамшуулсан юм. Үүнд “Хамгийн тусч албан хаагч, “Хамгийн нийгмийн идэвхтэй албан хаагч, “Хамгийн хариуцлагатай албан хаагч-ийг тус тус шалгарууллаа. Тодруулбал, 2020 оны ёс зүйтэй, хариуцлагатай төрийн албан хаагчаар Захиргаа хяналтын хэлтсийн дарга П.Батнасан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Д.Янжиндулам, Мөнххайрхан сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Алтансувд нар шалгарсан байна.   

-Танай хамт олон дохионы хэл сурсан. Энэ нь ямар ач тустай байна вэ?  

-2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд байгууллагын болон харьяа байгууллагуудын албан хаагчдын дунд “Эерэг хандлага-цахим үйлчилгээ” сарын аян зохион байгууллаа. Тус аяны хүрээнд байгууллагын нийт ажилтан, албан хаагчдын харилцаа хандлагыг сайжруулах, зорилтот бүлгийн иргэдэд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх зорилгоор Олон улсын дохионы хэлний өдөр”-ийг тохиолдуулан дохионы хэлний хичээлийг байгууллага, хамт олноороо цахим (онлайн)-аар сурсан юм. Тус байгууллага 2019 онд Дохионы хэлний багшийг урьж анх удаа Ховд аймагт “Дохионы хэлний сургалт зохион байгуулж, сургагч багшаар таван албан хаагчийг бэлтгэсэн. Эдгээр сургагч багш нар дохионы хэлний цахим хичээлийг тусгай цаг гарган зааж, зөвлөх, давтуулах, өглөө бүр дохионы хэлээр мэндлэх, сүүлд нь хэн хэрхэн, яаж сурсан талаар шалгалт авч “Хамгийн сайн сурсан албан хаагч”-дыг урамшуулсан.    

-Байгууллагынхаа ажилтнуудын гэр бүлийг дэмжиж, эерэг уур амьсгал бий болгох ямар ажил хийв? 

-Байгууллагын ажилтан, албан хаагчдын гэр бүлийг дэмжих, эерэг уур, амьсгалыг бий болгох ажлыг 2017 оноос санаачлан жил бүр зохион байгуулж ирсэн. Анх 2017 онд “Хайраар дүүрэн гэр бүл” үйл ажиллагаа, 2019 онд “Спортын олон төрөлт тэмцээн зохион байгуулж байсан. Харин 2020 онд Аз жаргалтай гэр бүлийн төлөө хамтдаа АСК тэмцээн зохион байгууллаа.

Үүнд, Захиргаа хяналт, Хөдөлмөр эрхлэлт, Нийгмийн халамжийн хэлтэс, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төв, Цагаан-Уул ахмадын сувилал гэсэн нийт таван баг оролцож, мэндчилгээ, найрал дуу, флаш моб бүжгийн төрлөөр өрсөлдөв.  Тэмцээнд оролцогч багууд ахлагчтай, нэртэй, хувцсаар жигдрэх, цаг баримтлах, багийн зохион байгуулалттай, гэр бүлийн бүх гишүүдийн оролцоог хангасан байлаа. “Аз жаргалтай гэр бүлийн төлөө хамтдаа АСК тэмцээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нийт 160 гаруй ажилтан, албан хаагч, түүний гэр бүлийн гишүүд оролцсон. Нийт оролцогчдын 68.5 хувь нь 18 хүртэлх насны хүүхдүүд байлаа. Энэхүү тэмцээнд оролцсон гэр бүлийн гишүүдэд манай нийт ажилтан, албан хаагчид дохионы хэлээр Хүний сайхан сэтгэл дуу дуулж мэндчилгээ дэвшүүллээ. Тус тэмцээний тэргүүн байрт Захиргаа хяналтын хэлтэс, дэд байрт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн багууд шалгарч, шагнуулсан юм. Тус тэмцээнийг зохион байгуулснаар өөрсдийн хэрэгжүүлж буй ажил, үйлчилгээгээ гэр бүлийн гишүүдэд танилцуулах, ойлгуулах, хүүхдүүд ээж, аавынхаа ажил хөдөлмөрөөр бахархах, гэр бүлийн гишүүд хоорондоо танилцах, аз жаргалтай мөчийг бэлэглэх, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж чадсан юм.  

-Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн томоохон ажлаас танилцуулна уу?

-Манай хамт олон “Аз жаргалтай гэр бүлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааны хүрээнд “Юу байна түүгээрээ тусалья 1, 2 дугаар аяныг зохион байгууллаа.  

"Юу байна түүгээрээ тусалъя -1" аяны дагуу Ховд аймгийн төвийн нийгмийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай 90 гаруй өрхөд туслалцаа үзүүлж ажилласан. Мөн гурван өрхөд шинээр гэр олгож, 11 өрхийн амьдарч байгаа гэр, байшинг засварлаж, 70 гаруй өрхөд гэрийн тавилга, хувцас, нэг сарын хүнс, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн гэх мэт эд материалын дэмжлэг үзүүлэв.

Үүнээс гадна хөдөлмөр эрхлэх боломжтой өрхийн гишүүдийг ажилд зуучлах, эрүүл мэндийн үзлэгт хамруулж зөвлөгөө өгөх, хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчлүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус аянд нэгдсэн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн мэдээллийг үзэхэд Жаргалант сумаас 22, Алтай суманд долоо, Дарви сум 21, Дуут сум 10, Эрдэнэбүрэн сум 14, Мөнхайрхан, Үенч сумаас зургаан  байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл тус тус оролцсон байна.

Бидний хамтын хүчээр хэрэгжүүлсэн тус аяны үр дүнд гурван өрх шинэ газар, хашаа, гэртэй болсон нь онцлох үр дүн байлаа. Өөрөөр хэлбэл, нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай, цаашид хөгжих боломжтой Жаргалант сумын Бичигт багийн иргэн Н.Баатар, Б.Алимаа, Н.Оюунчимэг гэсэн гурван өрхийг газар, хашаа, шинэ гэр, гэрийн тавилга болон бусад эд зүйлсээр дэмжиж, амьдрах орчныг сайжрууллаа.  

Аз жаргалтай гэр бүлийн төлөө хамтдаа үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулсан “Юу байна түүгээрээ тусалъя -2” аяны хүрээнд  Жаргалант суманд 27 аж ахуйн нэгж, байгууллага, 16 иргэн, хоёр төгсөлт хамт олон, дөрвөн эмийн сан  оролцож 344 өрхөд “хүнсний багц”, “витамин-ариутгалын багц”, “асаргааны багц”, “гэр ахуйн болон хүүхдийн тоглоомын багц”-ыг хандивласан. Мөн хөдөөгийн 13 суманд зохион байгуулж, давхардсан тоогоор 80 аж ахуйн нэгж, байгууллага  оролцож, нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай 804 өрхөд багц  хүргэн ажиллав.  

-“Хөдөлмөрч гэр бүл нэвтрүүлэг бэлтгэсэн. Гол зорилго нь юу байв?

-Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас өөрийн хүч хөдөлмөрөөр эерэг хандлага түгээн амьдарч буй Жаргалант сумын Бичигт багийн иргэн, газар тариалан эрхлэгч Т.Батсүхийн гэр бүлийг сонгон авч, “Хөдөлмөрч гэр бүл” нэвтрүүлэг бэлтгэлээ. Үүний гол зорилго нь орон нутгийнхаа баялаг бүтээгч иргэдийг дэмжих, тэдний ажлыг олон нийтэд танилцуулах, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэхэд чиглэж байлаа.

-Ахмад зөвлөхүүдтэй хамтран зургаан удаа цахим сургалт зохион байгуулжээ. Энэ талаар?

-Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Л.Балжинням “Шүд эрүүл бол бие эрүүл” сэдвээр, ахмад хуульч Л.Оюунцэцэг “Зорилтот бүлгийн иргэдэд хууль эрх зүй, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, иргэдэд иргэний эрх зүйн туслалцаа үзүүлэх” сэдвээр сургалт хийв. Мөн ахмад зөвлөх П.Баасанхүү “Нэхмэл гутал хийх арга аргачлал”, ахмад багш А.Наранцэцэг “Зүү ороох оёдол”, Монгол Улсын гавъяат багш Б.Цэрэнжав “Модультай тэгшитгэл”, “Модультай тэнцэтгэл биш” сэдвээр  цуврал сургалт зохион байгуулж, орон нутгийн телевиз болон Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар гэх фэйсбүүк хуудсанд байршуулж, олон нийтэд хүргэлээ.  

-Танай байгууллага 4-5 настай хүүхдийн дунд “Гар зургийн уралдаан зохион байгуулсан. Үүнд хэчнээн бүтээл оролцсон бэ?

-Олон улсын гэр бүлийн өдөр, Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтаж 4-5 настай хүүхдийн дунд “Миний аав ээжийн ажил хөдөлмөр” сэдэвт гар зургийн уралдааныг Жаргалант сумын долоодугаар цэцэрлэгтэй хамтран зохион байгуулсан юм. Нийт 13 цэцэрлэгийн 88 хүүхдийн бүтээл оролцлоо. Ирсэн бүтээлээс тэргүүн байр нэг, дэд байр хоёр, гуравдугаар байр гурав, тусгай байрт дөрвөн хүүхэд шалгаруулж, эхний шилдэг 30 бүтээлээр “Миний аав ээжийн ажил хөдөлмөр” сэдэвт ном хэвлүүлж, 11 хүүхдэд гардуулан өгсөн юм.   

-Байгууллагынхаа үйл ажиллагаанд олон улсын стандарт нэвтрүүлэхээр зорьж буй. Энэ ажлын эхлэл юу байв?

-Тус байгууллага 2021 онд байгууллагын үйл ажиллагаандаа төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор MNS ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Ховд аймгийн Засаг даргын хооронд байгуулсан гэрээнд тусгаж, санхүүжилтийг шийдвэрлэх талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хүсэлт гарган уламжилсан.

Мөн Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс 2020 оны 10 дугаар сард энэхүү стандартыг нэвтрүүлсэн тул манай байгууллагын хамт олон 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр үйл ажиллагаатай нь танилцаж, туршлага судалсан.

-Танай хамт олон 2021 онд ямар ажлууд хийх вэ?

-Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хамт олон 2021 онд “Эерэг бүхнийг нийгэмд түгээе” уриа дэвшүүлэн ажиллаж байна.

Бид нийгмийн халамжийн бүх үйлчилгээг цахимд шилжүүлэх, ажил олгогчдын захиалгын дагуу ажлын байранд нийцсэн хүний нөөцийг бэлтгэхэд чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээг олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн барилгын ажлыг эхлэх зэрэг нэлээд ажил зохион байгуулна.

Цаашид иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн зэрэгцээ нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийн иргэдийг судлан тодорхойлж, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйлчилгээг иргэдэд нээлттэй хүргэж ажиллах болно.  

-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.   

 

 

Холбоотой мэдээ