М.Салманыг сэтгүүлчийн амийг хөнөөхийг зөвшөөрсөн гэж үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-02-27 11:20:32

ВАШИНГТОН. /BBC/. Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мyхаммед бин Салман 2018 онд сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөх ажиллагааг зөвшөөрснийг тогтоолоо гэж АНУ-ын Тагнуулын алба баасан гарагт мэдээлжээ.


Тагнуулын албаны тайланд дурдсанаар, хунтайж М.Салман Ж.Хашоггийг “олзлох юм уу амь насыг нь хөнөөх” ажиллагаа явуулахыг зөвшөөрчээ. Уг дүгнэлттэй холбогдуулан АНУ Саудын Арабын олон арван иргэнд хориг арга хэмжээ авсан боловч хунтайжийн нэрийг оруулаагүй байна.


Харин Саудын Араб энэхүү мэдээллийг “сөрөг, худал, хүлээн зөвшөөршгүй” гэж үзэж байгаагаа мэдэгджээ.


Ж.Хашогги Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газрын байр луу 2018 оны 10 дугаар сарын 2-нд орсныхоо дараа амиа алдсан юм. Тэрбээр Саудын Арабын Засгийн газарт зөвлөхөөр ажиллаж байсны зэрэгцээ хааны удмын гэр бүлийнхэнтэй ойр дотно харилцаатай байсан боловч 2017 оноос АНУ-д амьдарч эхэлсэн байна.


Тухайн үеэс хойш Ж.Хашогги “Washington Post” сонинд хунтайж Мухаммедийн бодлогуудыг шүүмжилсэн нийтлэлүүдээ хэвлүүлэх болжээ. 

Холбоотой мэдээ