Гурван хүүхэд уул

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-03-05 13:00:56

\Ховд МОНЦАМЭ\. Ховд аймгийн нутаг дэвсгэрт өвөрмөц тогтоц бүхий байгалийн үзэсгэлэнт газар олон бий. Тухайлбал, Ховд аймгийн Булган сумын нутаг, Монгол Улсын хилийн ойролцоо орших Гурван хүүхэд уул” юм.   

Энэ нь Булган сумын төвөөс 60 км, далайн түвшнээс дээш 1740 метрт цувж тогтсон, цул чулуун гурван улаан уул билээ.

Хамгийн урд захын уулын бэлээс булаг урсдаг нь ан амьтны унд болдог. Мөн уулын ойролцоо тошлой жимс ургадаг аж

Тус уул нь өвөрмөц тогтоцтой учраас орон нутгийн иргэд дулааны улиралд очиж сонирхох, амрах тохиолдол нэлээд буй.   

Энэ уулын тухай олон домог бий.   

Нэгэн домогт өгүүлэхдээ: “Эрт үед энэ газар гүн ус цэлэлзсэн эргэн тойрон хулс зэгстэй цэнгэг сайхан нуур байж гэнэ. Хурмаст тэнгэрээс гурван хун шувуу нисэн ирж, өд живрээ тайлан гурван сайхан бүсгүй болон нуурын усанд өдөржингөө шумбан цэнгэж байгаад орой болмогц нисэн оддог байж.

Нэгэн удаа нэг анчин залуу ан хийж яваад тэдгээр гурван бүсгүйг усанд орж байгааг харж, алмайран зогсож гэнэ. Удалгүй тэр гурав өд жигүүрээ өмсөн нисэн одов. Маргааш нь анчин залуу дахин ирж харж байтал хурмастаас гурван хун шувуу ирж, өд живрээ тайлан гурван бүсгүй болон усанд умбаж наадаж гэнэ.

Тэгэхээр нь анчин залуу өд живрийг нь нуужээ. Буцах цаг болж өд живрээ хайж олохгүй байтал анчин залуу гэнэт ил гараад иртэл нүцгэн байгаадаа ичсэн гурван хүүхэн гурван цул бул чулуун уул болон тогтож гэнэ.

Энэ байдлыг харсан анчин залуу “Элээ халаг минь, би ийм юм үзчихээд амьд яваад яах вэ” гээд зүрхээ аваад шидсэн чинь Олонбулагт Зүрх улаан уул болон тогтжээ.

Уушгаа аваад шидэхэд Байтаг богд уулын наахан Уушигийн улаан уул болон тогтож гэнэ.

Өвчүүгээ аваад шидэхэд Өвхийдөг уул болон тогтжээ. Ингээд өөрөө “Үеийн үед та гурвыг манаж байя” гээд хажууд нь Өнчин улаан уул болон тогтож гэнэ. Хун шувууд нь ирэхгүй болохоор нуур нь ширгэж алга болжээ” хэмээдэг.

Холбоотой мэдээ