Нийтийн тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-03-09 13:41:03

Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймгийн шуурхай штаб гуравдугаар сарын 8-нд хуралдлаа.

Тус хурлыг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт удирдав. Улмаар гишүүдийн саналыг үндэслэн хэд хэдэн шийдвэр гаргажээ.

Тодруулбал, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэр, холбогдох журмын дагуу коронавирусний халдварын тархалтын эрсдэлийг бууруулах зорилгоор халдвартай бүс нутаг болон Улаанбаатар хотоос ирж байгаа хот хоорондын нийтийн тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг сайжруулахаар болов.

Өөрөөр хэлбэл, 2021 оны гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн өдөрт нэгээс дээшгүй автобусыг татан авах зохион байгуулалт хийх аж.

Мөн Улаанбаатар хот болон бусад аймаг, орон нутагт шинэ голомт үүссэнтэй холбогдуулан коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх тандалт судалгааг эрчимжүүлэх юм.

Түүнчлэн Улаанбаатар хот руу нийтийн тээврийн автобусаар зорчиж байгаа иргэдээс асуумж авах, иргэдийн тоо, хаягийн бүртгэл судалгааг хийхээр боллоо.

Мөн хот хоорондын нийтийн тээврийн автобусны жолооч нар зам дагуу аймгуудаас хүн болон дайвар ачаа тээвэрлэх асуудал гарч байгаа. Үүнтэй холбогдуулан жолооч нарт албан чиглэл өгч, хяналтыг сайжруулна. Улмаар хот хоорондын нийтийн тээврийн хэрэгсэл болон ачаанд халдваргүйтгэл хийгээгүй тохиолдолд тухай тээврийн хэрэгслийг дахин тээвэрлэлт хийх QR код, нэвтрэх зөвшөөрөл олгохгүй байхыг анхааруулав.

 

 

Холбоотой мэдээ