Польш хүн амынхаа 60-70 хувийг зун гэхэд вакцинжуулахыг зорьж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-03-09 11:47:15

ВАРШАВ. /Xinhua/. Польш “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтад хүн амынхаа 60-70 хувийг зун гэхэд хамруулахыг зорьж байна гэж тус улсын Эрүүл мэндийн дэд сайд Вальдемар Краска өнөөдөр мэдэгджээ.


Гэвч энэхүү зорилтдоо хүрэх эсэхийг одоогоор хэлэхэд эрт байгааг тэрбээр дурдаад, хөдөлмөрийн зах зээлийн хамгийн идэвхтэй бүлэг болох 30-40 насныхныг энэ оны хоёрдугаар улирлын эцсээс өмнө вакцинжуулж эхэлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.


Польшт өнөөдрийн байдлаар 3.9 сая хүн “COVID-19”-ийн вакцины ядаж нэг тунг хийлгэснээс 1.4 сая хүнийг бүрэн вакцинжуулжээ. Тус улсад 1.8 сая хүн коронавирусээр халдварласнаас 45317 хүн нас баржээ.


Дэлхий дахин цар тахлыг хяналтад авахаар тэмцэж буй энэ цаг үед вакцинжуулалтын хөтөлбөрөө эхлүүлсэн орнуудын тоо нэмэгдэж байна. ДЭМБ-ын мэдээллээр, дэлхий даяар 261 вакциныг гарган авахаар ажиллаж байгаагаас 79 нь эмнэлзүйн туршилтын шатандаа явж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ