Малчин, тариаланчдыг дэмжсэн хөтөлбөр боловсруулахаар зорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-03-09 14:49:08

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хөдөө аж ахуйн салбарт шинээр хэрэгжүүлэх дэд хөтөлбөрийн санал авах өргөтгөсөн хэлэлцүүлэг боллоо.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу хөдөө аж ахуйн салбарыг дэмжих зорилгоор  "Залуу малчин, тариаланч", "Ховдын брэнд", "Жимс жимсгэнэ" зэрэг дэд хөтөлбөр шинээр хэрэгжүүлэхээр тусгасан. 

Иймээс тус салбарт ажиллаж буй мэргэжилтэн, судлаач, малчид, тариаланчдын саналыг сонсох, шинээр хэрэгжүүлэх хөтөлбөрт үе шаттай тусгах зорилгоор гуравдугаар сарын 9-нд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус үйл ажиллагааны зохион байгуулагчаар аймгийн ЗДТГ, Хүнс хөдөө аж ахуйн газар хамтран ажиллав. 

Цаашид хэрэгжүүлэх дэд хөтөлбөрүүдийн хүрээнд олон ажил хийнэ. Тодруулбал, Эрдэнэбүрэн суманд 2000 га, Алтай суманд 700 га талбай бүхий услалтын системийг сэргээх аж.

Мөн Буянт суманд 5000 га, Мянгад суманд 2500 га услалтын систем шинээр байгуулж, газар тариалан тэр дундаа жимс жимсгэний аж ахуйг хөгжүүлэхээр төлөвлөж байна гэж албаныхан онцоллоо.

Эдгээр хөтөлбөрийг боловсруулахтай холбогдуулан гурван удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Малчин, тариаланчдыг бүх талаар дэмжсэн, нийгмийн салбарт хэрэгжүүлэх бусад хөтөлбөртэй уялдуулсан, орон нутгийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх салбарын бодлогыг тодорхойлсон чухал хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхээр зорьж байна гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.  

Холбоотой мэдээ