ОХУ-ын их, дээд сургуульд суралцах эрхээр гурван сурагч шагнуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-03-11 16:21:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн орос хэлээр хэвлэн гаргадаг "Новости Монголии" сонин болон "Русский Дом"-той хамтран ЕБС-ийн 11-12 дугаар ангийн сурагчдын дунд зарласан зохион бичлэгийн уралдааны шилдгүүдэд өнөөдөр шагнал гардууллаа.


Тус уралдааныг Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойг тохиолдуулж Монгол Улс, ОХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн нэрэмжит болгон “Хол мөртлөө ойр сансар” сэдвээр зохион байгуулав.


Дөрөв дэх удаагийн энэхүү уралдааны шилдэг 3 оролцогч ОХУ-д суралцах эрхээр шагнуулж буйгаараа онцлогтой юм.


Шагнал гардуулах ёслолыг нээж, МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд хэлэхдээ, “Новости Монголии” сонины анхны дугаар 1942 онд гарсан. Өдгөө манай улсад гарч буй цорын ганц орос сонин бөгөөд Монгол-Орос улсын харилцаа хамтын ажиллагаа, түүх соёл, нийгмийн амьдралын бүхий л түүхийг бичилцэж байдаг”-ийг тодотгов.


Мөн тэрбээр, "Монгол-Оросын хамтарсан сансрын нислэгийн тухай бүхий л үйл явдлыг МОНЦАМЭ агентлаг газар дээрээс нь сурвалжилж байв. Энэ түүхийн гэрчүүд одоо ч манай хамт олны дунд бүтээж туурвиж явдгийг дурдахад таатай байна" хэмээгээд "Өнгөрсөн жилүүдийн уралдааныг оролцуулбал, нийт 7 сурагч ОХУ-д суралцах эрхээр шагнагдаж байна. Сурагчдыг ОХУ-д суралцах боломжийг олгож буй Монгол Улс дахь "Русский Дом"-ийн хамт олонд гүнээ талархаж байна. Мөн бидний ажлыг дэмжин хамтран ажилласан Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яам, Сансрын 101 дэх нисэгч, Монгол Улс, ОХУ-ын баатар Ж.Гүррагчаа, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Түүнчлэн ОХУ-д тэтгэлгээр суралцах эрхээр шагнуулж буй хүүхдүүддээ улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, шилдэг сэхээтнүүд болохыг хүсэн ерөөе” гэв.


БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч, хошууч, генерал Ж.Гүррагчаа хэлэхдээ, “Өнөөдөр энэ хүүхдүүдийн хувьд мартагдашгүй, сайхан өдөр болж байна. Өөрийнхөө хөдөлмөр, мэдлэг, авьяас чадвараар ОХУ-д суралцах боломжтой боллоо. Манай хүүхэд залуус орос хэлний мэдлэг сайтай, үндсэн хичээлээсээ гадна сансар судлалын тухай мэдэхийг эрмэлздэг нь зохион бичлэгээс нь харагдаж байна. Сансар хүн төрөлхтөнд хол мэт санагдаж байсан үе бий боловч сансар бидний гарт, бидний гэрт орж ирсэн. Бид сансрын хиймэл дагуулын тусламжтай утсаар ярьж, телевиз үзэж, мэдээлэл авч, цаг агаарын тухай мэдэрч байгаа нь сансрын хиймэл дагуулууд, сансрын техникийн ач буян юм. Өнөөдөр хүн төрөлхтний ажил үйлсийг сансрын холбоо, хиймэл дагуулгүйгээр нэг ч минут төсөөлөхөд бэрх. Бидний хэрэглэж байгаа интернэт, гар утас, телевиз, цаг агаарын мэдээ гээд бүх зүйл сансраар дамжин холбогддог. Сансарт хүн гарснаар, эх дэлхийгээ илүү сайн мэдэж, судалж байна. Тиймээс сансар гэдэг их хол байхаа больж хүмүүст ойрхон болсон гэдгийг хүүхэд залуустаа мэдрүүлэх гэж энэхүү нэрийг өгч, энэ ажлыг зохион байгуулсан” гэв.


Уралдаанд Улаанбаатар хот төдийгүй  Төв, Сүхбаатар, Баян-Өлгий аймгийн сурагчид зохион бичлэгээ ирүүлжээ.

Анхны уралдаануудад зөвхөн орос хэлний тусгай сургалттай сургуулийн сурагчид оролцдог байсан бол сүүлийн жилүүдэд хүрээ нь тэлж, ЕБС-ийн сурагчид өргөн хамрагдах болсон. Тухайлбал, энэ жил Орос-Монголын хамтарсан 3 дугаар сургууль, ОХУ-ын ЭСЯ-ны дэргэдэх 14 дүгээр сургууль, Плехановын нэрэмжит дунд сургуулиас гадна Ерөнхий боловсролын 2, 5, 113-р сургууль, "Улаанбаатар", "Эмпати" сургуулийн 30 гаруй сурагч оролцлоо.


Үүнээс тэргүүн байрт ОХУ-ын ЭСЯ-ны дэргэдэх сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Цолмон, хоёрдугаар байрт Плехановын нэрэмжит сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Э.Алирс, гуравдугаар байрт Орос-Монголын хамтарсан сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Эрхээ нар шалгарч, ОХУ-д суралцах эрхийн бичиг гардав.


Уралдааны тэргүүн байрт шалгарсан сурагч Э.Цолмон хэлэхдээ, “МОНЦАМЭ агентлагийн энэхүү уралдааныг өмнө нь сонсож байсан. Энэ жил анх удаагаа оролцлоо. Аав, ах хоёр маань онгоцны нисгэгч. Эмээ маань нисэхэд нягтлан бодогч, ээж зохион байгуулагчаар ажилладаг байсан. Сансар огторгуй сонирхлыг маань их татдаг болохоор нисэгч болохыг багаасаа мөрөөддөг байсан. Уралдаанд амжилттай оролцож, ОХУ-д суралцах болсондоо баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.


Холбоотой мэдээ