Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажилд иргэдийн саналыг авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-11 16:00:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ-аас Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-гийн хөрөнгөөр 2022 онд хийх ажилд иргэдийн саналыг авч байгаа.


Улаанбаатар хотын насанд хүрсэн иргэн SMART UB аппликейшн ашиглан, цахимаар оролцож санал өгөх боломжтой. Хэрэв ухаалаг утасгүй, интернэтгүй бол хороон дээрээ очиж бүртгэлийн хуудас бөглөж баталгаажуулбал хорооны ажилтнууд таны саналыг аппликейшн руу оруулах аж. Санал асуулгыг 4 дүгээр сарын нэгэн хүртэл явуулна.


Санал асуулгын явцын талаар Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн дэд менежер Д.Оргилоос тодруулснаа НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээлэв.


-ОНХС-гийн хөрөнгөөр хийх ажлын цахим санал асуулгын явц ямар байна, хэчнээн иргэн санал өгөөд байна вэ?

Өнгөрсөн жилийн санал асуулгатай харьцуулахад энэ жил иргэдийн оролцоо нэмэгдсэн. Өчигдрийн байдлаар, 100 мянга гаруй иргэн саналаа өгсөн нь саналаа өгөх ёстой нийт иргэдийн 12,3 хувь юм.


-Иргэд ихэвчлэн ямар ажилд санал өгч байна вэ?

Санал асуулга үргэлжилж байх хугацаанд системээс иргэд ямар ажилд санал өгч байгааг харах боломжгүй. Санал асуулга дууссаны дараа үр дүнг харна. Өнгөрсөн оны цахим санал асуулгад нийтийн гудамж талбайн гэрэлтүүлэг, камержуулалт, ногоон байгууламжийг олшруулах тухай санал хамгийн их ирүүлж байсан.


-Хэчнээн иргэнээс санал авахаар төлөвлөсөн бэ?

Нийслэлийн 18-аас дээш насны нийт 800 мянга орчим иргэн санал асуулгад оролцох боломжтой.


-Хэсгийн ахлагч нар иргэд рүү залгаж “Утсанд нь таван оронтой тоо очно. Санал асуулга авч байна” гэх байдлаар иргэдийн өмнөөс санал асуулгад оролцсон мэдээлэл бий. Ийм үүрэг өгсөн гэж байгаа нь үнэн үү?

Хэсгийн ахлагч нарт иргэдийн өмнөөс санал өг гэсэн зааварчилгаа өгөөгүй. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан утсаар иргэдэд санал асуулгад оролцох тухай зөвлөмж хүргүүлсэн. Иргэд амьдарч буй орчноо хамгийн сайн мэдэх хүмүүс учир Smart UB аппликейшн татаад, өөрийн хороо, амьдрах орчноо сайжруулахад саналаа өгөх хэрэгтэй. Улсын төсвөөс ОНХС-д төсөвлөсөн хөрөнгийг юунд зарцуулахыг иргэдээс асууж байгаа тул идэвхтэй оролцож саналаа өгөх нь чухал байна.


-Иргэдийн өмнөөс санал өгүүлэхгүй байхад яаж анхаарч байна вэ?

Саналаа өгөхөд тухайн иргэн мөн эсэхийг нягтлахын тулд гар утасны дугаараар бүртгэн, утсанд нь код илгээж байгаа. Кодоо дамжуулахгүй, өөрөө ашиглаж, санал асуулгадаа оролцвол хэн нэг нь таны өмнөөс санал өгөх боломжгүй.


-Иргэд хэрхэн, яаж санал асуулгад оролцох вэ?

Гар утсандаа Smart UB аппликейшн татаж, ОНХС-гийн цэс рүү орж, Санал асуулга гэсэн цэсээр саналаа өгнө. Хэрэв ухаалаг утасгүй, интернэтгүй бол хороон дээрээ очиж бүртгэлийн хуудас бөглөж баталгаажуулбал, хорооны ажилтнууд таны саналыг аппликейшн руу оруулж тусална.

Холбоотой мэдээ