Улаанбаатарт 12-14 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-03-13 09:17:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 12-14 хэм дулаан байна.


Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Монгол-Алтайн уулархаг нутгаар, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

 

2021 оны 03 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Монгол-Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 4-9 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

 

2021 оны 03 дугаар сарын 14- 18 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

14-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, 15-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 28 метр хүртэл ширүүсэж, хүчтэй шороон шуурга шуурна. 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 13-18 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 7-12 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна. 16-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Холбоотой мэдээ