APTA – 3 саяын зах зээлээс 3 тэрбумын зах зээл рүү

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2021-03-15 15:56:56

Монгол Улсын гадаад худалдааны салбарт дахин нэг чөлөөт худалдааны хэлэлцээр үйлчилж эхэллээ. Энэ бол 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн  хэрэгжиж буй АPTA буюу Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр /Asia-Pacific Trade Agreement/ юм. Ингэснээр манай улс анх удаагаа бүс нутгийн хэмжээний чөлөөт худалдааны үйл явцад нэгдэж байгаа бөгөөд энэ нь цаашдаа олон улсын худалдаа, эдийн засгийн интеграцид илүү идэвхтэй оролцоход чухал түлхэц болох учиртай түүхэн үйл явдал мөн.


Манай улс тус хэлэлцээрт нэгдэн орох хүсэлтээ 2009 онд илэрхийлснээс хойш 11 жилийн дараа уг хэлэлцээрийг мөрдөж эхэлж буй нь энэ юм. Өнгөрсөн хугацаанд APTA-гийн гишүүн орнуудтай цуврал хэлэлцээ хийсний үр дүнд 2018 оны 9 дүгээр сард тус гэрээнд нэгдэн орох болзлыг хангасан бол 2019 оны 12 дугаар сард УИХ “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох тухай” хуулийн төслийг соёрхон баталснаар Монгол Улс APTA-гийн 7 дахь гишүүн улс болсон билээ.  


Хэлэлцээрийн гол зорилго бол хөгжиж буй гишүүн орнуудын хоорондын худалдааг өргөжүүлж, тэдгээрийн эдийн засгийг дэмжин, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх, гишүүн орнууд хоорондын худалдаан дахь тарифын болон тарифын бус хориг саадууд, хүндрэл бэрхшээлүүдийг багасгах явдал юм.


Одоогийн байдлаар тус хэлэлцээрт манай улсаас гадна Энэтхэг, Хятад, Өмнөд Солонгос, Лаос, Шри-Ланк, Бангладеш гэсэн 6 улс гишүүн улс бий.  Эдгээр орон манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 70 орчим хувь, экспортын 90 орчим хувь, импортын 30 гаруй хувийг эзэлдэг.


Товч түүх дурдахад, анх 1975 онд Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд болох Энэтхэг, Өмнөд Солонгос, Шри Ланк, Лаос, Бангладеш улсууд бие биендээ худалдааны хөнгөлөлт үзүүлэх үүднээс “Бангкокийн хэлэлцээр”-ийг байгуулжээ. Улмаар 2001 онд БНХАУ тус хэлэлцээрт нэгдэн орсноор цар хүрээ нь улам тэлж, 2005 онд “Бангкокийн хэлэлцээр”-ийг “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр” болгон өөрчлөн нэрлэсэн байна.  Эхэндээ зөвхөн бараа таваар дээр гаалийн тарифыг хөнгөлөх асуудлыг хэлэлцэж байсан бол одоо үйлчилгээ, хөрөнгө оруулалтыг хамарсан өргөн хүрээтэй хэлэлцээ явагдаж байна.


Эдийн засгийн өсөлтөөр бүс нутагтаа тэргүүлж буй АPTA-гийн гишүүн орнуудын зах зээлийн багтаамж, эдийн засгийн хүчин чадлын тухайд хоёрхон тоог дурдваас, гишүүн 6 улс нийтдээ 2 тэрбум 921 сая хүн амтай ба ДНБ-ний хэмжээ нь нийлээд 14 их наяд 615 тэрбум доллар болж байна. /2015-2016 оны статистик мэдээ/ Өөрөөр хэлбэл, манай үндэсний үйлдвэрлэгчдийн өмнө 3 тэрбум орчим хэрэглэгчтэй асар том зах зээл үүд хаалгаа нээж байна гэсэн үг.


Хэлэлцээрийн нөхцлийг ерөнхийд нь харвал, манай үйлдвэрлэгчид АPTA-гийн гишүүн 6 улс руу нийтдээ 10,667 нэр төрлийн барааг 5-100 хувийн татварын хөнгөлөлттэйгээр нийлүүлэх боломж бий болж байна. Жишээ нь, манай гадаад худалдааны хамгийн том түнш болох Хятад улсад нийлүүлэх нүүрс, ноолуур, савхин хувцас зэрэг /нийтдээ 2,323 нэр төрлийн бараа/ бүтээгдэхүүнд 10-100 хувь хүртэлх татварын хөнгөлөлтийг Монголын үйлдвэрлэгчид эдлэх боломжтой. Тухайлбал, Монголын коксжих нүүрсэнд ногдуулдаг импортын татвараа Хятадын тал 50 хувь хөнгөлснөөр манай улсын экспортын орлого нэмэгдэнэ. Мөн Монголоос нийлүүлдэг рапсын үрэнд 100 хувь, арьс ширэнд 14-50 хувь, ямааны ноолуур ба ноолууран бүтээгдэхүүнд 35 хувийн хөнгөлөлтийг үзүүлнэ.


Түүнчлэн БНСУ-д нийлүүлэх боломжтой эм, эмийн бүтээгдэхүүн, нүүрс, ноолууран эдлэл зэрэг /нийт 2,868 нэр төрлийн бараа/ бүтээгдэхүүнд 10-50 хувийн татварын хөнгөлөлтийг Монголын компаниуд эдэлнэ. Үүнтэй холбогдуулан АPTA-гийн хүрээнд хөнгөлөлт эдлэх анхны бүтээгдэхүүний бүртгэлийг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) 1 дүгээр сард хийж, гарал үүслийн гэрчилгээ олгожээ. Ташрамд дурдахад, АPTA нь хоёр хавсралт, барааны гарал үүслийг нотлон гэрчилгээ олгож, баталгаажуулах үйл ажиллагааны журмаас бүрддэг.


Бусад 4 гишүүн улсын тухайд:

БНЭУ - 3,253 нэр төрлийн бараанд 10%-100%

Лаос Улс - 1,081 нэр төрлийн бараанд 10%-35%

Шри-Ланк улс-  568 нэр төрлийн бараанд 5%-50%.

Бангладеш улс-608 нэр төрлийн бараанд 10%-70% -ийн татварын хөнгөлөлтийг манай улсад үзүүлнэ. 


Мэдээж хэрэг, үүний хариуд дээрх улсуудаас манайд нийлүүлж буй бараанд татварын хөнгөлөлт үзүүлэх ёстой. Тодруулбал, Монгол Улс 366 нэр төрлийн бүтээгдэхүүнд дунджаар 24,18 хувийн хөнгөлөлтийг АPTA-гийн гишүүн бусад орнуудад санал болгожээ. Энэ хөнгөлөлт манай дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг тухайд Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Оюу ярихдаа, дээрх хөнгөлөлт нь далайн гаралтай бүтээгдэхүүн, халуун орны жимс жимсгэнэ, амьтны болон ургамлын гаралтай тос, зарим ашигт малтмал, химийн бүтээгдэхүүн, мод, нэхмэлийн утас, химийн нийлэг, машин, тээврийн тоног төхөөрөмж зэрэгт хамаарах учраас манай үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд бизнесийн орчин нь хумигдахгүй гэдгийг хэлсэн юм.


Үүний сацуу АPTA-гийн Нарийн бичгийн дарга нарын газраас гаргасан судалгааны дүгнэлтийг үзвэл:


Тус хэлэлцээрт нэгдсэнээр Монголд ирэх шууд өгөөж нь төдийлөн их биш. Учир нь, Монголын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай /экспортын 83 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалт 75 хувь/ ба түүхий эдийн импортод тогтоосон APTA-гийн гишүүн орнуудын татварын хэмжээ тэртэй тэргүй бага байдаг. Иймээс ойрын үед АPTA-гаас огцом их ашиг хүртэнэ гэж найдах нь учир дутагдалтай. 


Харин дунд ба урт хугацаан дахь үр өгөөж нь Монголын хувьд асар их. Учир нь, одоо явагдаж буй худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээг хөнгөвчлөх 5 дахь үе шатны хэлэлцээний үр дүнд тарифын хөнгөлөлтийн хүрээ улам тэлнэ, манай үндэсний үйлдвэрлэгчид Хятад, Энэтхэгийн нүсэр том зах зээлд байр сууриа бэхжүүлэх боломжтой, түүнчлэн манай улсын үйлдвэрлэлийн бүтэц төрөлжин хөгжинө, бүс нутгийн хамтын ажиллагаа өргөжинө гэх мэт хэтийн өөдрөг төлвүүд харагдаж байна. Гэхдээ хэлэлцээр дөнгөж хэрэгжиж эхэлж байгаа учраас түүний үр өгөөжийг тооцоолох нь эртэдсэн хэрэг болно.


Үүний ташрамд дурдахад, манай улсын хувьд хамгийн анхны чөлөөт худалдааны хэлэлцээр бол Япон улстай 2015 онд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр билээ. Өнгөрсөн хугацаанд хоёр орны худалдааны эргэлт 40 орчим хувиар нэмэгдсэн нь худалдааны харилцааны чухал хөшүүрэг болох чөлөөт худалдааны хэлэлцээрийн үр өгөөжийг харуулж байна.


Түүнчлэн манай улс Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судалж байгаа билээ. Мөн Европын Холбооны Хөнгөлөлтийн ерөнхий систем буюу GSP+-ийн хүрээнд Монгол Улсаас гарал үүсэлтэй 7200 бараа бүтээгдэхүүнд гаалийн тарифын хөнгөлөлт үзүүлдэг гэх мэт жишээ бий.

 

3,4 сая хүн амтай, жижигхэн зах зээлтэй улс орны хувьд Монголын үндэсний үйлдвэрлэгчид, худалдаачдын бизнесээ өргөжүүлэх боломж бол гадаад зах зээлд гарах явдал. Экспорт, импортын нийлбэр болох гадаад худалдааны бараа эргэлт нь манай улсын хувьд ДНБ-тэй нь тэнцдэг нэг онцлог бий. Харин өндөр хөгжилтэй улсуудын хувьд эл үзүүлэлт ДНБ-нээс 2-3 дахин бага байдаг. Үүнээс харахад гадаад худалдаа бол эдийн засгийн өсөлтийн гол хөшүүрэг учраас чөлөөт худалдааны хэлэлцээрүүд байгуулах замаар Монголын экспортын бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, зах зээлийг тэлэх нь “Алсын хараа - 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан чухал зорилт юм. 


Б.Адъяахүү

 

 

 

 

 

Холбоотой мэдээ