МОНЦАМЭ агентлаг 100 жилийн өмнөх энэ өдөр анхны мэдээгээ бэлтгэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өдгөөгөөс 100 жилийн өмнөх энэ өдөр буюу 1921 оны гуравдугаар сарын 18-нд Монголын цахилгаан мэдээний агентлаг МОНЦАМЭ “Монголчуудын бослого” нэртэй анхны мэдээгээ бэлтгэж, тухайн үеийн Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын Дальта агентлаг руу дамжуулсан байна.
Жанжин Д.Сүхбаатарын даалгавраар тухайн үеийн Монгол ардын хувьсгалт армийн Улс төрийн газрын зөвлөх-сургагчаар ажиллаж байсан Оросын иргэн И.Г.Демко уг мэдээг бичиж, “МОНТА мэдээлэв” хэмээн Дальта агентлагт уламжилжээ.
И.Г.Демко хожим дурсахдаа, Би 1921 оны 3 дугаар сард Монгол ардын хувьсгалт армийн Улс төрийн газрын даргын дэргэд зөвлөх-сургагч, Монголын цахилгаан мэдээний агентлаг /МОНТА буюу Монгольская Телеграфная Агенство/-ийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан. Гуравдугаар сарын 18-ны өдөр МАН-ын Төв хороо, Монгол ардын хувьсгалт түр засгийн газар монголын газар нутгийн тэр хэсгийг өөрийн мэдэлд чөлөөлөн авсны дараа Монголын цахилгаан мэдээний газрын эрхлэгчийн хувьд Москва руу РОСТА агентлагийн нэр дээр Монголын газар нутаг дээр Ардын хувьсгалт түр засгийн газар тогтоосон тухай мэдээг явуулсан хэмээжээ.
Монгол Ардын Түр Засгийн Газрын төлөөлөгчид Зөвлөлт Орос Улсын хувьсгалчдын хамт. Ар Хиагт (Дээд Шивээ) буюу Троицкосавск (өнөөгийн Хиагт буюу Кяхта) хотноо. 1921.III.19.
Зураг баруун гар талаас: 1. Дарьзавын Лосол, 2. П.И.Литвинцов, 3. Дамдины Сүхбаатар, 4. Догсомын Бодоо, 5. Сергей Степанович Борисов,
Арын эгнээ баруун гар талаас:1. Рыбин, 2. Ц.Баламцоо буюу Баламсуу (Ванчиков), Цэдэн-Иш, Г.И.Демко, Дашпилон нар.
Жанжин Д.Сүхбаатарын удирдлага дор Монгол ардын журамт цэргүүд 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хиагтыг гамин цэргүүдээс чөлөөлсөн тухай агуулга бүхий энэхүү мэдээг 1921 оны 3 дугаар сарын 30-нд Дальта агентлагаас РОСТА агентлаг дамжуулан мэдээлснийг эх сурвалж болгон Оросын “Правда” сонинд нийтэлж, дэлхий дахины сонорт Монголын хувьсгалчдын харийн түрэмгийлэгчдийн эсрэг хийсэн анхны томоохон ялалтыг тунхаглажээ.
“Монголчуудын бослого”
ЧИТА. 1921 оны 3 дугаар сарын 23 /Дальта/. Троицкосавск /Дээд шивээ/-аас авсан мэдээнээс үзвэл Унгерн, Комаровский нарын удирдсан хэрмэл дээрэмчин бүлэг цагаантан хийгээд санаа сэтгэлээр бүрэн дампууран унасан хятадын цэргийн эрхтний аллага, таллагад нэрвэгдсэн монголчууд тэмцэн босч Маймаа /Хиагт/ суурин болон түүний ойролцоох газруудыг байлдан эзлээд Монгол ардын засгийн газрыг зарлан тунхаглав.
Дэлхийн империалистуудын түрэмгий ашиг сонирхлыг илэрхийлсэн Оросын цагаантны балмад бодлогын эсрэг Монголын засгийн газар шийдвэртэй тэмцэж, тусгаар тогтнолоо хамгаалан нутаг дэвсгэртээ аж төрөн суугаа энгийн номхон орос, хятад, монгол иргэдийн энх амгалан байдлыг аль болохоор хамгаалах зорилт тавьж байна. Маймаа /Хиагт/-д гарсан улаан монголчуудын бослого нь монголын хүн амын бүх давхаргыг хамарч ойролцоох хошуудад амжилттай дэлгэрч байна гэж хилийн районоос МОНТА агентлаг мэдээллээ. РОСТА
МОНЦАМЭ агентлагаас “Монголчуудын бослого” мэдээ бүхий дурсгалын гэрэлт самбарыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь Монгол ардын хувьсгалт цэргийн жанжин штаб анх байрлаж байсан байрны хананд 2010 онд байрлуулсан юм.
МОНТА анхны мэдээгээ түгээсэн байр. Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум.