Алслагдсан багийн малчин өрхүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ хүргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-03-24 13:18:50

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа аж. Мөн зарим газар шар усны үерт автаж болзошгүй болоод байгаа гэнэ. Энэ цаг үед "Халуун сэтгэл" эмч, мэргэжилтнүүдийн тусламж үйлчилгээ малчдын суурьт очжээ.

Халуун сэтгэл багийнхан энэ сарын 20, 21-ний амралтын өдрүүдэд 210 гаруй км зам туулж, 40 гаруй малчин өрхийн 110 орчим иргэн, 30 гаруй хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн байна. Тус багийн суурин багт ажилласан хоёр эмч 24 том хүн, 27 хүүхдэд үзлэг хийж, эмчилгээ хяналтын зөвлөгөө өгчээ.  

Тус баг 16 хүний бүрэлдэхүүнтэй явуулын хоёр, суурин нэг багийн бүрэлдэхүүнтэйгээр Хүдэр сумын алслагдсан болон эмзэг бүлгийн малчин айл өрхүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэсэн аж. Энэхүү үйл ажиллагааг Эрүүл мэндийн сайдын А/147 тоот тушаал, аймгийн Засаг даргын шийдвэрийн хүрээнд зохион байгуулсан байна. Явуулын багтай хамт аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Онцгой комиссын гишүүн Ж.Сайнцог, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, аймгийн Онцгой комиссын гишүүн Ж.Од нар оролцсон байна.

Холбоотой мэдээ