Онгоцны дотор болсон яриа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2021-03-25 11:09:53
@ShoovdorBatbold

-Хамтарсан нислэгийг сурвалжилсан 40 жилийн өмнөх сурвалжлага-5-


Дөнгөж сая эх дэлхийдээ ирсэн Зөвлөлт Монголын сансрын нисэгчид тусгай онгоцоор сансрын нисэгчдийн төрөлх хот Байконур тийш нисэхэд бэлэн болов. Хошууч генерал Алексей Архипович Леонов зөвлөлт монголын телевизийн сурвалжлагчдыг нисэх онгоцонд орж суухыг урив. ТУ-134 онгоц алгуурхан хөөрч өндөр авахад шингэх нарны туяа алтлаг өнгөөрөө борооны үүлийг нэвтлэн дорно зүгт хээнцэр өнгийн солонго татуулах ажээ. Сансрын нисэгчид эх дэлхийдээ эргэж ирсний дараа дэлхийн анхны хоол идэхээр ширээний цаана тухлан сууцгаав. Хоолны ширээн дээр ногооны хөнгөн зууш , жимс, жүржийн амтлаг жүүс, тунгалаг шөл, ууранд болгосон мах зэрэг өрөөстэй харагдана. Володя Гүр хоёр онгоцны ерийн зорчигч шиг хоолоо амтархан идэх нь саяхан сансраас эргэж ирээд хэдхэн мөчийн дараа хоолоо тухлан идэж байна гэж итгэмээргүй жингүйдлийн нөлөө ч нэг мөсөн үгүй болсон харагдаж билээ. Энэ нь сансрын нисэгчдийн эрүүл мэнд гойд сайн, сансар дэлхийн аль алинд нь маш түргэн дасан зохицох чадвар эзэмшсэнийг илтгэн харуулах аж. Тэд хооллож дууссаны дараа Байконурт буухын өмнө бид амжиж ярилцлага авах ёстой байлаа.


Сансрын нисэгчид хооллож дууссаны дараа бид тэдэнд хандаж дахин баяр хүргэхийн ялдамд монголын телевиз үзэгчдэд зориулж хэдэн асуултад хариулт  хүссэн юм.

Т.Галдан: Зөвлөлт-Монголын хамтарсан нислэг амжилттай дууслаа. Үүнтэй холбогдуулан та юу хэлмээр байна?

Жанибеков: Юуны өмнө манай багийнханд итгэл хүлээлгэсэн монголын засгийн газар, ард түмэнд баяр талархлаа илэрхийлье. Энэ нислэг гайхамшигтай сайхан нислэг боллоо. Яагаад гэвэл нэгэн үеийн дотор сүүлийн жараадхан жилийн дотор Монгол улс яаж хөгжиж, дэвжсэнийг харуулах барин тавин баримт мөний учир гайхамшигтай нислэг хэмээн бид нэрлэж байна. Би монгол анд нөхөртөө амжилт хүсч санаж бодсон зүйл чинь сэтгэлчлэн бүтэж байхын ерөөл дэвшүүлье.

Т.Галдан: Зөвлөлт монголын сансрын хамтын нислэг тавьсан зорилт, хөтөлбөрөө амжилттай биелүүлэв. Та бүхний нислэгийг бид байнга ширтэн харж байлаа. Нислэг амжилттай болсонд бид бүхэн их баяр хөөртэй байна. Энэ нислэг бол энэ жил манай улсад болох түүхт ойд барьж буй бэлэг гэж би бодож байна.

Ж.Гүррагчаа: Манай нислэг монголын ард түмний амьдралд тохиолдож байгаа олон олон алдарт ойн жилтэй тохиож байна. Сансрын нислэг амжилттай боллоо. Энэ нислэг бол энэ жил манай улсад болох олон түүхт ойд барьж буй бэлэг гэж бодож байна.

Т.Гапдан: Хөлгийн дарга В.Жанибеков бол сансарт хоёр удаа ниссэн туршлагатай нисэгч хүн. Сансарт аялж явахдаа өөрийн хөлгийн дарга болон “ Сапют-6” эрдэм шинжилгээний цогцолборт ажиллаж байгаа В.Ковалёнок, В.Савиных нартай хамтран ажиллаж байснаа дурсан санаж хэлэх үг зөндөө гэж би бодож байна.

Ж.Гүррагчаа: Би юуны өмнө “Союз-39” хөлгийн дарга Владимир Жанибековын тухай хэдэн үг хэлмээр байна. Сансарт хийсэн аяллын үед манай дарга надад бүх талаар тусалж байлаа. В.Жанибеков энгийн даруу дуу цөөнтэй ч хэлсэн үг нь жинтэй санаа авахаар юм хэлдэг. Володяг оддын хотхонд бүгдээрээ хүндэлдэг, туршлагатай нисэгч. Би улсын шалгалт өгч байхад Володя надтай дандаа хамт байж миний төлөө надаас илүү сэтгэл зовж, сургуулилтын үед надад санаа авмаар зүйлийг их хэлж өгдөг байв. Сансарт хөөрсөн анхны өдөр Жанибеков намайг дуудаж, гэгээвчээр хараач гэж билээ. Тэгээд сансрын нислэгийн үед тохиолддог гайхамшигтай сонин үзэгдэл туйлын туяаг анх харсан юм. Эрдэм шинжилгээний  ажлын сорилт туршилтыг бид хамтран хийдэг байлаа. Оддын  хотхонд бидний хувьд тогтсон үй зайгүй нөхөрлөл нислэгийн үед улам бэхжсэн юм. Сансарт анх удаа нисч байгаа миний хувьд урд нь сансарт нисч байсан “Салют-6” станц дээр олон  хоног ажилласан зөвлөлтийн туршлагатай нисэгчдээс сурах зүйл, хэлүүлж авах мэдээлэл бишгүйдээ л байсан юм. Владимир Ковалёнок, Виктор Савиных нартай бид гар нийлэн ажиллаж шинжилгээ судалгаагаа амжилттай хийв. Салют Станц дээр хэд хоног байх үед зөвлөлт нөхөд маань намайг хамгийн тохилог орон дээр амраадаг байлаа. Дэлхийг тойрох бүрд бид газрын сонинг ярилцдаг байлаа. Би сансарт зөвлөлтийн нөхөдтэй цуг сайхан аялснаа дахин дахин цохон хэлмээр байна. Зөвлөлт нөхдөдөө чин сэтгэлийн баяр талархлаа илэрхийлье гэв.

 Т.Галдан: Зөвлөлт монголын сансрын хамтарсан нислэг амжилттай дууслаа. Дөнгөж сая бид сансрын баатруудыг баяр хөөртэй угтан золгов. Зөвлөлт монголын сансрын хамтарсан нислэг амжилттай сайн болоход орлон нисэгч та бүхний оролцоо мэдээж их байсан. Хамтарсан нислэгийн талаар та юу яриамаар байна?

В.Ляхов: Нислэг их амжилттай болов. Нислэгийн үед Ганзориг бид хоёр нислэгийг удирдах төвд операторуудын дэргэд байж, нислэгийн явцыг тандан мэдэж байлаа. В.Жанибеков, Ж.Гүррагчаа хоёр сансарт хийх ёстой эрдэм шинжилгээний хөтөлбөрөө амжилттай сайн биелүүллээ. Нисэгчдийн биеийн байдал сайн байгааг та бид харж байна. Бэлтгэл сургуулилт үнэхээр сайн болсныг нислэг харуулж байна. Бид найз нөхөд маань нислэгээ амжилттай дуусгаад сэргэлэн цовоо, онгоцонд ерийн зорчигч шиг явж байгаад бахархаж байна.

М.Ганзориг: Оддын хотхонд хамтдаа аж төрж сайхан үерхсэн анд нөхөд маань сансрын аянаа амжилттай дуусгаад эх дэлхийдээ ирж анхны зоогийг хүртэж, жирийн зорчигчид шиг хоолоо амтархан идэж байгааг бид харж байна. Энэ бол үнэхээр бахархалтай хэрэг. Зөвлөлтийн шинжлэх ухаан, техникийн амжилтын ачаар монголын иргэн анх удаа сансарт ниссэн нь түүхэн чухал ач холбогдолтой юм. Жанибеков, Гүррагчаа хоёр манай хоёр орны нам төр, ард түмний итгэл найдварыг нэр төртэй биелүүлсэнд баяр хүргэе гэв.


Бидний нисч ирсэн онгоц Байконурт бууж, энд тэндээс хүчтэй гэрэл тавьж хаврын шөнийн харанхуйг өдөр мэт болгож, үлээвэр хөгжимд угтах марш уянгалуулж байв. Нисэх онгоцны буух шатны гишгэвч дээр цэргийн дүрэмт хувцсаа өмссөн В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар цэргийн дүрэм ёсоор номхон зогсох агаад баяр ёслолын өнгө аястай бадрангуй цоглог дуугаар "Тойрог замын эрдэм шинжилгээний Сапют-6”, “Союз-39” цогцолборт зөвлөлт монголын хамтарсан нислэгийг амжилттай хэрэгжүүлэхэд гарамгай гавьяа байгуулж, эрэлхэг зориг гарган, баатарлаг үйлс бүтээснийг тэмдэглэн БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар В.Жанибеков, Ж.Гүррагчаа нарт БНМАУ-ын баатар цол олгож, Сүхбаатарын одон, Алтан таван хошуу медалиар шагнасныг болон ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн зарлигаар ЗСБНХУ-ын баатар, сансрын нисэгч В.Жанибековт Лениний одон хоёрдахь, алтан таван хошуу медаль, БНМАУ-ын иргэн, шинжлэн судлагч, сансрын нисэгч Ж.Гүррагчаад ЗСБНХУ-ын баатар цол олгож, Лениний одон, алтан таван хошуу медалиар тус тус шагнасныг" мэдээлэхэд тэнд цугларсан хүмүүс алга ташин, уриа хашгирч, үлээвэр хөгжимд ялалтын марш уянгалуулав. Сансрын нисэгчдийн суусан машины цуваа Байконурын хойт хэсэгт байх сансрын нисэгчдийн буудлыг чиглэн хөдлөв.


Түдэвийн ГАЛДАН

(Увс аймгийн Тэс суманд төрсөн Т.Галдан нь Намын дээд сургууль, Москвагийн Улсын Их Сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж, 60 орчим жил МОНЦАМЭ болон Монгол телевизэд сэтгүүлчээр ажилласан юм.

МОНЦАМЭ агентлагийн Москва дахь сурвалжлагчийн хувьд Т.Галдан Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийг бүрэн сурвалжилсан бөгөөд 3 дугаар сарын 30-ны өдөр Ж.Гүррагчаа. В.Жанибеков нарыг эх дэлхийдээ эргэн  газардахад нь анхны товч ярилцлагыг хийж байжээ.

Тэрбээр МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч, дэд захирал, тус агентлагаас үндэсний монгол бичгээр эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонины Эрхлэгчээр ажиллаж байв.

Т.Галдан 2001 онд Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол хүртсэн юм.)

Холбоотой мэдээ