Олимпын бамбарын буухиа өнөөдөр эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2021-03-25 09:18:56

ТОКИО. /Nikkei/. Токиогийн Олимпын бамбарын буухиаг Японы хойд нутгийн Фүкүшима мужаас өнөөдөр эхлүүлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан 47 мужийн 859 хот, тосгоноор аялуулна.


Бамбарын буухиа 121 хоног үргэлжлэх бөгөөд энэхүү үйл ажиллагаанд 10 мянга орчим тамирчин оролцох ажээ. Олимпын галыг долоодугаар сарын 23-нд буюу Олимпын наадмын нээлтийн ёслол болох өдөр Токиогийн Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд хүргэх юм.


COVID-19” халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд зохион байгуулагчид тамирчдын буухиалах чиглэлд олноор цуглахгүй байж, телевиз, интернэтээр үзэхийг орон нутгийн оршин суугчдад уриалж байна. Мөн тамирчдаас буухианд оролцохоос хоёр долоо хоногийн өмнөөс гадуур хооллохгүй байхыг хүсэж байгаа ажээ.


Токиогийн Олимпыг 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд зохион байгуулахаар товлоод байсан боловч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулж, 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болсон билээ. 

Холбоотой мэдээ