Хүүхдийн тасгийг 32 ортой халдвартын тусгай эмнэлэг болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-03-27 21:48:19

Архангай/МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Д.Золжаргал тусгай эмнэлэг байгуулах ажлын явцтай газар дээр нь танилцаж, голомтод ажиллахаар бэлтгэл хангаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудтай өнөөдөр уулзлаа.

Бэлэн байдлын зэрэгтэй холбогдуулан Хүүхдийн тасгийг нүүлгэн шилжүүлж, чиг үүргийг өөрчлөн 32 ортой халдвартын тусгай эмнэлэг байгуулж байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн коронавирусний халдвар авсан иргэдийг хэвтүүлж эхэллээ.

Өмнө батлагдсан 18 тохиолдол Нэгдсэн эмнэлгийн харьяа Халдвартын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. 


Уулзалтын үеэр Засаг дарга Д.Золжаргал: "Ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлын төлөө нойр хугаслан ажиллаж буй эмнэлгийн ажилтнууддаа гүн талархал илэрхийлье. Та бүхэн өөрсдийн халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, дархлаагаа дэмжин, эрүүл мэнддээ онцгой анхаарч ажиллаарай. Аймгийн удирдлагуудын зүгээс шаардлагатай арга хэмжээг яаралтай авч, эмнэлгийн багаж төхөөрөмж, нэг удаагийн эмнэлгийн хэрэгсэл бүрийн хангамжийг тасалдуулахгүйгээр ажиллах нөхцөлийг хангах болно. Мөн аймгийн Засаг даргын зүгээс хүргүүлсэн вакцины хүсэлтийг ЭМЯ-наас шийдвэрлэж, 4-р сараас эхлэн манай аймагт вакцин хуваарилан ирүүлэхээр болоод байна. Вакцин ирсэн даруйд эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамруулна" хэмээлээ.

Холбоотой мэдээ