Булган голд хамгийн олон төрлийн загас байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-04-01 16:36:52

Ховд /МОНЦАМЭ/. Загасны үржлийн үеийн нүүдэл, шилжилт хөдөлгөөн эхэлсэнтэй холбогдуулан Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаанаас тодорхой цэгүүдэд хяналт шалгалт хийж байна.

Орон нутгийн байгаль хамгаалагчид болон мэргэжилтнүүд таван хоногийн давтамжтай хуваарь гаргасан ба хяналт шалгалтын ажлыг ирэх зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд тогтмол зохион байгуулах аж.

Загас барих гэсэн иргэдийн тоо буурахгүй байгаа учраас холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран Ховд голын баруун эрэг, Буянт сумын нутаг дахь Тэмээтийн дэнж болон Ховд голоос Хар-Ус нуурт цутгаж буй төв хэсэг болох Халх бугат гэх газарт байнгын хяналтын цэг ажиллуулж байна.

Ийнхүү зөрчил гарч болзошгүй цэгүүдэд хяналт тавьснаар загасны үржлийн үеийн хууль бус агнуурыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байна.

Хар нуур, Хар-Ус нуурт монгол хадран, алтайн шар сугас, нохой сугас, давжаа сугас гэсэн дөрвөн төрлийн загас байдаг.

Харин Ховд аймгийн Булган сумын Булган голд хамгийн олон буюу долоон төрлийн загас бий.  Тодруулбал, алгана, шаргал үхэрдэй, алтлаг хэлтлэг, ердийн гүрц, зүүн гарын сугас, нүцгэн жараа зэрэг загас байна. 

Үүнээс шаргал үхэрдэй загас нь дэлхийд ховор бөгөөд Монгол Улсын “Улаан ном”-д багтжээ.  

Мөн Азийн шар минжний Монгол Улсад экологийн амьдарлаараа оршиж байгаа цорын ганц газар нь Булган гол ажээ. 

Холбоотой мэдээ