Япон, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-04-06 09:49:01

ТОКИО. /NHK/. Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар даваа гаргийн орой утсаар ярьжээ.


"М.Тошимицү хоёр талын харилцаанд тулгамдаад буй өргөн хүрээний асуудлуудыг зохицуулахад, ялангуяа хоёр орон дипломат харилцаагаа хэвийн болгосны 50 жилийн ой ирэх онд болох гэж буй энэ цаг үед ихээхэн ахиц дэвшил гарна гэж найдаж байгаагаа илэрхийллээ" гэж Японы Гадаад хэргийн яам мэдээлэв.


Мөн БНХАУ эргийн хамгаалалтын алба хаагчдадаа зэвсэг хэрэглэхийг зөвшөөрсөн шинэ хууль баталж, Зүүн, Өмнөд Хятадын тэнгист үйл ажиллагаагаа идэвхжүүлж буйд санаа зовниж буйгаа илэрхийлжээ.


Мөн Хонконг дахь нөхцөл байдал, Шинжаантай холбоотой хүний эрхийн асуудлуудад сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлээд, бодитой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Бээжинд уриалсан байна.


Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, Ван, Мотэги нар Токиогийн зуны Олимп, Бээжингийн өвлийн Олимпыг зохион байгуулахад харилцан бие биедээ тусламж дэмжлэг үзүүлэхээр тохиролцжээ.


Мөн Ван И Бээжин 50 жилийн ойг угтан Япон, Хятадын ард түмэн хоорондын харилцааг сайжруулахад хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгааг илэрхийлжээ. Гэсэн хэдий ч Хонконг, Шинжаан зэрэг БНХАУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг Токиод анхааруулжээ.


"Хэдийгээр Япон АНУ-ын холбоотон боловч БНХАУ-тай байгуулсан энх тайван, найрамдлын гэрээгээ дагаж мөрдөх үүрэг хүлээсэн" гэдгийг Ван Мотэгид хандан хэлснийг БНХАУ-ын Гадаад хэргийн яам уламжилсан байна.  

Холбоотой мэдээ