Шинээр батлагдсан тохиолдол 131 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-04-06 15:37:05

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 357 сорьцод шинжилгээ хийхэд 13 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 131 боллоо.  

Батлагдсан тохиолдлуудыг байршлаар нь авч үзвэл, Шарын гол сум дахь гэрийн тусгаарлалтаас дөрөв, Дархан суманд ажиглан тусгаарлах байранд байсан иргэдийн давтан шинжилгээнээс зургаа, эрүүл мэндийн байгууллагаас нэг, Гэрэлтэй өрхийн эрүүл мэндийн төвд үзүүлсэн хоёр иргэн байна. Өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлсэн иргэн нь 7 сартай жирэмсэн эмэгтэй бөгөөд түүний 9 настай хүүхдээс халдвар илэрсэн аж. Хаанаас халдвар авсан эх үүсвэр тодорхойгүй байна гэж аймгийн Онцгой комиссоос мэдэгдлээ.

Халдварын шинж тэмдэг илэрсэн ч эрүүл мэндийн байгууллагад хандаагүй олон газраар явсан аж. Одоогоор уг хоёр тохиолдлын ойрын болон дам хавьтлыг тогтоох тархвар зүйн судалгааг эхлүүлжээ.

Дархан-Уул аймагт цар тахлын хоёр дахь давалгаа өнгөрсөн сараас эхэлсэн гэж аймгийн Онцгой комиисс үзэж байгаа бөгөөд шинээр батлагдсан 131 тохиолдлын 102 нь Дархан суманд, 29 нь Шарын гол суманд бүртгэгджээ.

Гуравдугаар сарын 20-26 ны өдрүүдэд Олон улсын худалдааны төвөөр олон удаагийн давтамжтай үйлчлүүлсэн, ханиалгах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч буй иргэдийг цахимаар бүртгэж, шинжилгээнд хамруулахаар шийдвэрлэжээ.

Түүнчлэн өнөөдөр 12 хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоо эмчлэн тусгаарлах хоёр байранд нийт 89 хүн эмчлүүлж байна. Үүний 23 нь 15 хүртэлх насны хүүхэд, 66 нь том хүн ажээ. Дээрх хоёр хүний биеийн байдал хүндэвтэр, бусад 87 хүний биеийн байдал тогтвортой хөнгөн байгаа аж.

Холбоотой мэдээ