Ж.Гэрэлмаа: Өөрийн бодож санасан зүйлийг бодит болгоно гэдэг хамгийн чухал

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-04-07 15:12:21

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЕБ-ийн 1-р сургуулийн монгол хэл, бичгийн багш Ж.Гэрэлмаа үндэсний бичиг, соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ бодитоор оруулж яваа багш нарын нэг. Сүүлийн үед тэрээр монгол бичгийн орчин бүрдүүлэн ажиллаж байгаа сайхан мэдээг олж сонсоод түүнтэй хөөрөлдсөн юм.

-Монгол бичгийн орчин бүрдүүлэх санааг хаанаас олов. Хэрхэн төсөөлж байв?

-Өвөр Монгол орноор аялаж явахдаа үндэсний онцлогийг тэр тусмаа үндэсний бичиг соёлын орчин бүрдүүлэх нь ямар чухал болохыг ойлгосон. Өөрийн бодож санасан зүйлийг бодит болгоно гэдэг хамгийн чухал учраас төлөвлөсөн зүйлээ хийсэндээ сэтгэл өндөр байгаа .

-Сургуулийн гэрэлтүүлэгтэй хаяг хийсэн гэсэн. Хаана хийлгэв. Монгол бичгээр гэрэлтүүлэгтэй хийсэн анхны хаяг болж байгаа байхаа. Аймагтаа?

-Тиймээ.Сэлэнгэ аймгийн 1-р сургууль үндэсний бичгийн хаягтай, түүний дараа манайх хийлгэж байгаа. 2021 оны 02 сард нийгэм цаг үе хэцүү байсан ч  зориг гарган өөрийн цахим хаягаар хандив эхлүүлж Дархан уул аймгийн “Сайн Орших” компаниар хийлгэсэн. Хөтөл хот минь өнгөө засан байгаа энэ үед шөнө гэрэлтүүлэгтэй хаяг хараад бахархаад зогсож байгаа олон хүнийг хараад өөрийн эрхгүй баярладаг болсон.

-Монгол бичгийн орчин бүрдсэнээр хүүхдүүдэд үзүүлэх нөлөөл нь чухам юу байх вэ. Энэ орчинг хэрхэн ашиглаж болох вэ?

-Ер нь бол сургалтын орчин  сайн байх нь сурагчдын сурах сонирхлыг илүү татдаг гэж би боддог. Иймдээ ч би анги танхимаа ч сургуулийн орчноо ч нэлээд анхаарч ажиллаж байгаа. Сурагчид хичээлийн бус цагаар энэ орчныг харж, сонирхон уншиж, дуурайн бичиж зурж урд нь зургаа авахуулж өөрийн сурах орчиндоо сэтгэл хангалуун байна гэдэг их чухал шүү дээ.Мэргэжлийн багш нар энэ орчинд байршуулсан бичиг үсгээ өөрийн хичээлийн хөтөлбөр төлөвлөлтөндөө оруулж үр дүнг нь тооцсоноор сурагчдад илүү хүртээмжтэй хэрэглээ болж чаддаг.

-Энэхүү ажлаа хандив тусламжаар бүтээн босгосон гэж сонссон. Нууцгүй бол хичнээн хэмжээний хандив цуглав. Санасан хэмжээнд орчноо бүрдүүлж, бүтээн байгуулалтаа хийж чадав уу?

-Үндэсний бичиг соёл, уламжлалт түүхээ мэддэг сэтгэл сайтай олон хүмүүсийн ачаар 1012000 төгрөг цугласан хаягныхаа бараг 70 хувийг бүрдүүлсэн. Санасан бодсон зүйлээ нэлээд хийсэн арга туршлага нэлээд арвин болсон цаашид хийх бүтээхээр бодож төлөвлөсөн ажил  бас  байгаа.

-Хандив тусламж өгсөн хүмүүсээ тодруулбал хамгийн идэвхитэй оролцсон хэн байна вэ?

-Манай сургуулийн санаачлагатай, олон жил гар сэтгэл нийлж ажилладаг эцэг эхчүүд, багш нар, хамт олон, сурагчид олон байдаг. Үүнээс нэрлэвэл Т.Оюун-Эрдэнэ багштай 2А ангийн эцэг эхчүүд анх 300000 төгрөгийн хандив өгч эхлэлийг нь тавьсан тэгээд л Д.Сүхханд багштай 2Б анги, О.Анхцэцэг багштай 6В анги гэх мэт.Мөн миний найз нөхөд хамт олон ахан дүүс “Тэнгэрлэг андууд”  “Хайрхан клуб”-хэн гэх мэт хандив өгсөн бүх хүмүүст баярлалаа гэж чин сэтгэлээсээ хэлмээр байна.

-Өөрийн тань энэ бүтээн байгуулалт, монгол бичгийн орчинг бүрдүүлсэн ажил өөр аймгуудад туршлага болон түгж байгаа дуулдсан. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Тиймээ. Миний цахим хаягнаас хүмүүс хараад надруу МУ-ын өнцөг булан бүрээс холбогдсон.  Жишээ нь: Дорнот, Өвөрхангай, Увс гэх мэт аймгуудаас .Дархан уул аймгийн Монгол хэлний мэргэжилтэн Д.Оюунбилиг багш надруу эхэлж яриад хэрхэн үндэсний бичгийн өнгө загвар сайтай,үнэ өртөг хямдтай орчин бүрдүүлэх талаар зөвлөгөө авч “Оюуны Ирээдүй” сургуулийн гадна хананд хийж хэрэгжүүлсэн байгаа.

-Мэдээж шинэлэг, өвөрмөц гэрлэн чимэглэлүүд хотын өнгө төрхөд нөлөөлнө. Хөтөл хотын нэгэн шинэ чимэг болж өнгө нэмжээ дээ?

-Харин тиймээ хүүхдүүд хийж байхад нь ирээд манай сургууль үнэхээр гоё болж байна гэж хөөрөөд шөнө ирж зургаа авахуулаад хүмүүс утасдаж асуугаад баяр хүргэж байхад өөрөөрөө болон хамт олноороо бахархаж байлаа. Одоо манай сумын ЗДТГ яг ийм гэрэлтүүлэгтэй хаяг хийлгэж байгаа. Сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт ч орсон байгаа. Ингээд  сумаараа анхны үндэсний бичгийн гэрэлтүүлэгтэй хаягтай болох зорилго тавин ажиллаж байна.

-Та цахим орчиндаа “Аливаа зүйлийг өөрчлөхийг хүсвэл өөрөө хичээх хэрэгтэй. Дараа нь бусдад нөлөөлөх хэрэгтэй. Өөрчлөл шинэчлэл гэдэг таниас эхлэх зүйл юм шүү” хэмээн үндэсний монгол бичгээрээ бичиж түгээсэн байсан. Энэ бол өөрийн тань биеэрээ үлгэрлэн хийсэн, хийж байгаа, хийхийг зорьж буй бүх зүйлийн үр дүн хийгээд ажил хийх хүний сэтгэл, зүрхний бодит илэрхийлэл болов уу?

-Өө тиймээ . Үнэхээр хүн санасан сэдсэн зүйлээ  ярьж явахаар өөрт байгаа бүхий л нөөц боломж юу байдаг юм түүнийгээ шавхаж байж  өөрөө хийж өөрөө манлайлан өөрчлөгдөж байж бусдад нөлөөлнө гэж үздэг. Миний эцэг эхийн хүмүүжил тэр юм даа.

Анх энэ санаа гарахад зарим нэгэн хүмүүс эсэргүүцэж хүлээж авч л байсан гэвч би санаснаа хийхийн тулд хүний шидсэн жижиг чулуунд бүдэрдэггүй юм. Харин ч ташуур болж өгдөг.

-Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-3 гээд нэлээд том хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд олон ч үйл ажиллагаа болж байгаа байх. Таны хувьд багш хүний нүдээр харахад Монгол Улсад үндэсний бичгээ бүх нийтийн бичиг болгох ажил ойртож байна. Монгол хэл бичгийн бүх нийтийн мэдлэг хангалттай байж чадах уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө үлгэрлэн үндэсний бичиг үсгээ заан сургаж байгаа нь маш сайхан санагдаж байгаа. Алсын хараа холч ухаантай төрийн тэргүүндээ талархаж байгаа. Монгол хэлний тухай хууль батлагдан 2025-онд төрийн бүх хэргийг хос бичгээр явуулах, ЗГ-ын “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-3” –ын зорилго зорилт хийгээд, МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар 5-р сарын эхний ням гарагийг “Үндэсний бичиг соёлын өдөр” болгон зарласан гээд төрийн бодлого зөв явж байгаа энэ цагт Монгол хүн бүр хичээвэл болохгүй зүйл гэж үгүй гэж боддог.

 -Гэрэлмаа багшийн хувьд үндэсний бичиг соёлтой холбогдолтой улсын чанартай уралдаан тэмцээнд маш их амжилттай оролцдог. Сүүлийн үед ямар үйл ажиллагаанд оролцов?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг  “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнд оролцох эрх авсан боловч Ковид цар тахлын улмаас  оролцож чадаагүй. Гэсэн ч цаг заваа гаргаж, сурагчдын хамт хийсэн үндэсний бичгийн бүтээлүүдийг аймгийн Монгол хэл, бичиг, уран зохиолын багш нарын нэгдсэн цахим хаягт байршуулан монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэн, сурталчлан ажиллаж байна. \ 11-н бүтээлийн зургийг тайлбартай оруулав\

-Монгол, хэл бичгийн сургалтын чанар үр дүнд хэр анхааран ажиллаж байна. Одоо ЭЕШ дөхөж байна. Мөн цахимаар хичээллэж байгаа ийм үед багш, сурагчдын хувьд хөгжих, суралцах боломж хэр байна?

-Аймгийн Монгол хэл бичгийн багш нар долоо хоног бүрийн лхагва гарагт  хамтарсан цахим сургалт хийдэг. Бид энэ сургалтаас маш олон талын мэдлэг мэдээлэл олж, улс аймгийн зөвлөх зэрэгтэй туршлагатай багш нараас суралцаж байгаа. Энэ маань бидэнд ажлын байрандаа тасралтгүй хөгжих маш том боломж болж байна. Энэхүү боломжоор хангаж байгаа мэргэжилтэн Ч.Алтантуяад талархаж байгаагаа энэ дашрамд хэлмээр байна. Мөн аймгийн монгол хэл бичгийн багш нар төгсөх ангийн сурагчдаас монгол хэл бичгийн шалгалт, ЭЕШ-ын сорилго шалгалтыг 7 хоног бүр авдаг. Аваад орхихгүй эргэх холбоотой байж, үр дүнг нь тооцон ажилладаг. Мөн бид бүс бүсээрээ хамтран мэргэжлийн хичээлийн даалгаврыг хуваарилан авч хийдэг. Энэ мэт олон ажлыг санаачлан багаараа хамтран ажиллаж байгаа нь үр дүнд  хүрч байна.

-Үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх, сурталчлах үйлсийг өөрийн биеэр үлгэрлэн, гардан маш онцлог, бусдаас тод өнгөөр илэрхийлж байдагт тань их олзуурхаж явдаг. Бас сүүлийн үед хадмал оруулга хийсэн харагдсан?

-Орчин үеийн цахим бичвэр ашиглан манай мэргэжлийн бүх багш нар энэ хадмалыг чадварлаг хийж сурсан.Би Хөтөл нутгийнхаа “Амилсан чулуу” дуу, Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ” найраглал зэрэгд хадмал хийж, аймгийн мэргэжлийн багш нарын цахим хаягт байрлуулсан байгаа. Мөн сурагчдад чимээ апп ашиглан зүйр цэцэн үг, мэргэн үгийг утга агуулгын уялдаатай дүрсжүүлэн цахим сургалт хийж байна. Мөн үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилгоор өөрийн машины хоёр талд үндэсний бичгийн уриа үг бичин гоёж,  өмссөн дээлэндээ мөн л үндэсний бичгийг шингээн урлаж бичиг соёлоо дээдлэсээр хичээсээр л явна. Жишээлбэл өөрийн өмссөн цэнхэр дээлэнд “Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би” гэж бичиж наасан байгаа. Мөн  даасан ангийн сурагчдад үндэсний бичгэн гоёлтой монгол цамцнуудыг урлан бичиг соёлоороо гангарч бусдад сурталчлан таниулах ажлыг хийсэн. Охидод цагаан өнгийн монгол цамц дээр хар өнгийн гоёлын хуулгаар “Монгол “ гэх үгийг угалзан эвхмэл бичгээр, хөвгүүдэд цэнхэр өнгийн монгол цамц дээр хар өнгийн гоёлын хуулгаар мөн Монгол гэх үгийг дөрвөлжин эвхмэлээр бичиж ангиараа жигдрэн гоёсон байгаа. Бас нөхөртөө монгол бичгэн хээтэй даалин урлаж өглөө.

-Таны машины хоёр талын хаалганд монгол бичгээр шүлэг бичсэн байдаг. Хөтөлдөө төдийгүй Монголд бараг үндэсний уйгаржин бичигтэй машин байхаа?

-Миний  машиныг хүмүүс хараад зарим нь яг ингэж бичүүлмээр байна хийгээд өгөөч гэдэг хүн олон байдаг. Зарим нь Өвөрмонгол хүн үү ч гэж асуудаг. Машины  нэг талд “Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болохгүй соёл, үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон” гэж. Харин нөгөө талд нь “Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ” гэж үндэсний бичгээр нааж авто стикерээр гоёсон байгаа.

-Сэтгэлээс гарсан бүхэн агуу зүйл байдаг. Таны сэтгэл зүрхээ зориулан зүтгэж буй их үйлсд тань улам их амжилтыг хүсье. Мөн цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

 


Холбоотой мэдээ