АНУ Иранд авсан хоригоо хэсэгчлэн цуцлахад бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-04-07 10:17:48

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын засаг захиргаа Ираны эсрэг дангаар авсан хориг арга хэмжээгээ цуцлахад бэлэн байгаа боловч хоригийг бүрмөсөн цуцлах шаардлагуудаас татгалзахыг Техранд уриалав.


Энэ тухай АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Нед Прайс мягмар гарагт ээлжит мэдээлэл хийх үеэрээ мэдэгдлээ.


“Бид хориг арга хэмжээг зайлшгүй сулруулах шаардлагатай болно гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ энд Ираны цөмийн хэлэлцээртэй зөрчилдөж буй хориг арга хэмжээнүүдийг цуцлах талаар ярьж байна” гэж АНУ-ын гадаад бодлогын байгууллагын албан ёсны төлөөлөгч Вена хотод эхэлсэн уулзалтын талаар тайлбар өгөхдөө хэлжээ.  


"Хоригоо бүрэн цуцлах шаардлагууд биднийг хаашаа ч хүргэхгүй. Бидний Венад ирсэн шалтгаан бол хоёр тал өөрөөр хэлбэл АНУ, Иран гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхэд ямар алхмууд гарч болох талаар ярилцах юм" гэж Прайс хориг арга хэмжээгээ бүрэн цуцлахыг Техран Вашингтоноос шаардаж байгаатай холбогдуулан мэдэгдсэн байна.


Иран болон тус улсын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх гэрээнд оролцогч талууд болох ОХУ, БНХАУ, Герман, Их Британи, Францын төлөөлөгчдийн Хамтарсан комиссын хурал Австрийн нийслэл хотод мягмар гарагт эхэлсэн билээ. Энэхүү хэлэлцээнд АНУ нэгдсэн бөгөөд Ираны асуудал эрхэлсэн тус улсын тусгай элч төлөөлөгч Роберт Мэлли Венад хүрэлцэж очжээ. Уулзалтад оролцогчид Ираны цөмийн хэлэлцээрийн заалтуудыг бүрэн дагаж мөрдөх чиглэлд эргэн орох асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд Иранд авсан АНУ-ын хориг арга хэмжээг цуцлах асуудлыг болон Техраны хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хариуцсан шинжээчдийн бүлгүүдийн цаашдын үйл ажиллагааны зорилтыг тодорхойлно.


НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнууд болох ОХУ, Их Британи, БНХАУ, АНУ, Франц болон Герман гэсэн зургаан том гүрэн 2015 оны долоодугаар сард Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар тохиролцоонд хүрч, Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө /Ираны цөмийн хэлэлцээр/ гэдэг нэртэй гэрээг байгуулсан юм. АНУ-ыг уг гэрээнээс гаргах шийдвэрийг тус улсын Ерөнхийлөгч асан Дональд Трамп 2018 онд гаргасан билээ. 


Вашингтоны засаг захиргааны одоогийн тэргүүн Жо Байден АНУ-ыг гэрээнд эргэн нэгтгэхэд бэлэн байгаагаа нэг бус удаа мэдэгдсэн боловч Америкийн Засгийн газар энэ чиглэлд одоогоор дорвитой алхам хийгээгүй байна.


Холбоотой мэдээ