“Алтаргана” олон улсын 14 дүгээр наадмын тов гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-04-07 23:26:06

Хэнтий /МОНЦАМЭ/ Өнөөдөр ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын нутаг дэвсгэрт зохион байгуулах “Алтаргана” Олон улсын 14-р наадмыг зохион байгуулах урьдчилсан товыг тогтлоо. 


Тус наадмыг зохион байгуулах Олон улсын хорооны өргөтгөсөн хуралдаан цахимаар боллоо.

“Алтаргана-2020” наадам өнгөрсөн жил товлогдсон байсан бөгөөд дэлхий дахинд тархсан “Ковид-19” цар тахлаас шалтгаалан нэг жилээр хойшлоод байсан юм.

Хурлын эхэнд Өвөр Байгалийн хязгаарын Засаг даргын орлогч Аягма Гармаевна Ванчикова, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество төлөөлөгчийн газрын дарга Амгалан Ринчинович Базархандаев, Өвөр Байгалийн хязгаарын Засгийн газрын даргын орлогч Өвөр байгалийн хязгаарын Агийн Буриадын бүс нутгийн засаг захиргааны дарга Батомункуев Буянто Балданжапович, Өвөр Байгалийн хязгаарын Агийн Буриадын бүс нутгийн Засаг захиргааны үндэсний соёлыг хөгжүүлэх хэлтсийн дарга Аюшиева Саяна Гармаевна нар үг хэлж, “Алтаргана” наадмын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг хүргэлээ.

Цахим хуралд БНХАУ-ын ӨМӨЗО, Монгол Улсын Хэнтий, Дорнод, Булган аймаг, Эрхүү мужийн Усть-Ордын Буриад бүс нутгийн засаг захиргаанаас оролцлоо. Тухайлбал, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Лхагвахатан болон бусад төлөөлөгч оролцлоо.

Хурлын илтгэл, үндсэн мэдээлэл дууссаны дараа цахимаар оролцогч талуудын хооронд наадмын зохион байгуулалт, тов, үйл ажиллагаатай холбоотой хэлэлцүүлэг өрнөлөө.

Хурлын хэлэлцүүлэгт Буриад Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, төлөөлөгчдийн тэргүүн Баир Дашевич Цыренов, Монгол Улсын Буриадын соёл, уламжлалыг хөгжүүлэх сангийн ерөнхийлөгч С.Билигсайхан, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Эрхүү мужийн Усть-Ордын Буриад бүс нутгийн засаг захиргааны даргын орлогч Андрей Николаевич Дмитриев нар үг хэллээ.

Аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун Алтаргана наадмыг анх 1994 онд Хэнтий аймагт зохион байгуулж эхэлснийг онцлоод Хэнтий аймаг “Алтаргана” бага наадмыг 14 удаа зохион байгуулж, их наадамд оролцогчдоо амжилттай оролцуулж ирсэн. Энэ удаа "Ковид-19" цар тахлаас шалтгаалж бага наадмаа зохион байгуулж чадаагүй ч бид оролцогчдоо бэлтгэж эхэлсэн, наадам зохион байгуулахад хамтран ажиллаж, оролцохоо илэрхийллээ.

Буриад зоны урлаг, соёл, спортын “Алтаргана-2020” их наадам 2021 оны долдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Ага сууринд болох урьдчилсан тов гарсныг дуулгалаа. Алтаргана наадмыг зохион байгуулах хорооны дараагийн хурал ирэх тавдугаар сарын дөрөвний өдөр болох аж.

Холбоотой мэдээ