ОУВС: Дэлхийн эдийн засаг хямралаас хурдан сэргэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-04-09 09:27:58

ВАШИНГТОН. /TASS/. Цар тахлаас үүдэлтэй хямралаас дэлхийн эдийн засаг хүлээгдэж байснаас хурдан сэргэж байгаа боловч энэ явцад нэлээд тодорхойгүй байдал хэвээр байна.


Ийм дүгнэлтийг пүрэв гарагт болсон Олон улсын валют-санхүүгийн хорооны (ОУВСХ) хурлын дараа нийтэлсэн мэдэгдэлд хийжээ. Энэхүү байгууллага нь Олон Улсын Валютын Сангийн (ОУВС) удирдах байгууллага юм.


"Дэлхийн эдийн засаг урьд өмнө авч байгаагүй улс төрийн хариу арга хэмжээ, коронавирусний вакцин гарган авахад хурдацтай ахиц дэвшил гарсны ачаар өнгөрсөн оны 10 дугаар сард болсон ОУВСХ-ны уулзалтын үеэр таамаглаж байснаас илүү хурдан сэргэж байна. Гэсэн хэдий ч цаашид сэргэх төлөв маш тодорхойгүй, жигд бус байна" гэж мэдэгдэлд дурджээ. Энэхүү мэдэгдлийг цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохиогдож буй ОУВС, Дэлхийн банкны удирдах байгууллагуудын хаврын чуулганы хүрээнд нийтэлсэн байна.


"Дэлхийн санхүүгийн нөхцөл байдал хурдацтай хумигдах тохиолдолд санхүүгийн эмзэг байдал эрсдэл дагуулж болзошгүй" гэж ОУВСХ анхаарууллаа.


Үүнээс гадна, өнөөгийн хямрал нь "томоохон сорви үүсгэх чадвартай” төдийгүй дэлхий даяар "ядуурал, тэгш бус байдлыг" улам даамжруулж болзошгүй байна. Үүний зэрэгцээ "уур амьсгалын өөрчлөлт болон бусад нийтлэг сорилтууд улам бүр хурцаар тавигдана" гэж ОУВС-гийн удирдах байгууллага цохон тэмдэглэжээ.


Холбоотой мэдээ