Тамирчны ёс зүйн дүрмийг олон улсын дүрэмд нийцүүлэх санал хүргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-09 13:48:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Г.Дамдинням спортын холбоод, тамирчдын сахилга хариуцлага, ёс зүй болон төрөөс олгох мөнгөн урамшууллын талаар тодорхой саналыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бичгээр хүргүүлжээ.


Засгийн газрын 2013 оны 183-р тогтоолоор “Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журам” батлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл нийт 433 /давхардсан тоогоор/ тамирчинд 11 тэрбум 550 сая төгрөг зарцуулж, сар бүрийн зохих урамшууллыг олгосон байна.


Уг тогтоолд тамирчин зөвхөн допинг хэрэглэсэн нь тогтоогдвол мөнгөн шагнал, урамшууллыг олгохгүй, олгосны дараа илэрвэл нөхөн төлүүлэх заалттай байдаг аж. Иймд Биеийн тамир, спортын тухай хуулийн 11.3.6-д заасан спортын холбоод тамирчны ёс зүйн дүрмийг олон улсын дүрэмд нийцүүлэн батлан мөрдүүлж эхлэх шаардлагатай байгааг онцолжээ.


Мөн БСШУС-ын байнгын хорооноос хуулийн хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, тайланг хэлэлцэхээр болсон байна.

Холбоотой мэдээ