Монгол Улсад "КОВИД-19" оношилгооны чадавхыг сайжруулахад хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-04-09 17:56:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Австрали улс ДЭМБ-тай хамтран Монгол Улсад "COVID-19"-ийн шинжилгээний чадавхыг нэмэгдүүлэхэд туслах зорилгоор 490 мянган австрали долларын буцалтгүй тусламжийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Тус санхүүжилтээр Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт ПГУ шинжилгээ, оношилгооны чадавхыг сайжруулах юм.


Тусламжийн гэрээнд Австрали улсын Засгийн газрыг төлөөлж, Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён Дэйв Воусэн, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордица нар гарын үсэг зурлаа. 


“Монгол Улсад "COVID-19"-ийг эрт илрүүлэх, идэвхтэй тандалт хийх чадавхыг нэмэгдүүлэх” төслийг ДЭМБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар хариуцах юм. Төсөл нь оношилгооны чадавхыг нэмэгдүүлэхээс гадна SARS-CoV-2-ийн геномын дарааллыг тогтоох лабораторийн чадавхыг сайжруулах зорилготой аж. Австралийн буцалтгүй тусламжаар шаардлагатай тоног төхөөрөмж, урвалжийг нэмэгдүүлснээр шинжлэх сорьцыг нэмэгдүүлэх юм.


ЭМЯ, ДЭМБ-ын үйл ажиллагаатай хослуулан үндэсний болон орон нутгийн лабораторийн ажилтнуудад "COVID-19"-ийн халдварыг оношлох сургалтыг үргэлжлүүлэн явуулахын зэрэгцээ дээрх санхүүжилт нь эхний шатанд хөнгөн, шинж тэмдэггүй тохиолдлыг илрүүлэх боломжийг сайжруулна. Улмаар халдвараас үүдэх болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлж, SARS-CoV-2 вирусийн шинэ мутант хэлбэрийг эрт илрүүлэх боломжтой болох юм.


“Австрали Улс нь Монгол Улсын чухал түнш бөгөөд бүс нутагтаа эдийн засгийн сэргэлт, эрүүл мэндийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг бэхжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байна. Энэхүү санхүүжилт нь вакцины худалдан авалт, түгээлтийн ажилд дэмжлэг үзүүлэхээс гадна Австралийн “Түншлэлд суурилсан сэргэлтийн” стратегийн хүрээнд тэргүүлэх чиглэлд багтаж буй нэгэн бодит ажил юм” гэж эрхэмсэг ноён Дэйв Воусэн онцлов. Тэрээр, “Эдгээр хүчин чармайлтын хүрээнд бид ДЭМБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран Монгол Улсад "COVID-19"-ийн халдварын эрсдэлийг буруулахад хувь нэмрээ оруулж буйд таатай байна” гэв. 


ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица Монгол дахь үндэсний лабораторийн чадавхыг бэхжүүлэхэд цаг үеэ олсон хувь нэмэр оруулсанд Австралийн Засгийн газарт талархал илэрхийлээд “ДЭМБ-аас төслийг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лабораторийн гурван мэргэжилтнийг Япон улсад геномын дараалал хийхээр дадлагажихад дэмжлэг үзүүлсэн билээ. Энэхүү төсөл нь Монгол Улсад зөвхөн шинжилгээ, эрт илрүүлэлт хийхэд туслах төдийгүй лабораторид геномын дараалал хийх боломжийг олгох замаар вирусний шинэ мутант хэлбэрийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно" гэдгийг тэмдэглэн хэлэв. 



Холбоотой мэдээ