Хунтайж Филиппэд дэлхийн удирдагчид хүндэтгэл илэрхийллээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-04-10 11:32:04

ЛОНДОН. /ABC/. Их Британийн хатан хаан II Элизаветагийн нөхөр, хунтайж, Эдинбургийн гүн Филипп 99 насандаа таалал төгссөнтэй холбогдуулан дэлхийн орнуудын төр, засгийн тэргүүн нар түүнд хүндэтгэл илэрхийллээ.


“Хааны удмын гэр бүлийн гишүүний хувиар гүйцэтгэх үүргээсээ 2017 онд буюу 96 насандаа албан ёсоор чөлөөлөгдсөн хунтайж Филипп 1952 оноос хойш 22 мянга гаруй үйл ажиллагаанд ганцаарчлан оролцож, дэлхийн 76 оронд айлчлан 5496 удаа үг хэлж, 14 ном бичиж, 785 байгууллагыг ивээн тэтгэж, 637 удаа ганцаарчлан хилийн чанадад аялсан юм” гэж Букингемийн ордон мэдэгджээ.


Түүнийг таалал төгссөнийг Букингемийн ордон баасан гарагт албан ёсоор мэдэгдсэний дараа дэлхийн олон орны удирдагчид хүндэтгэл илэрхийлэв. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Эдинбургийн гүн Дэлхийн II дайнд оролцож байсныг онцлоод, тэрбээр байгаль орчин, хүмүүнлэгийн үйлсэд ихээхэн хувь нэмрээ оруулж байсныг дурсжээ. Мөн өдгөө амьд сэрүүн амьдарч буй, АНУ-ын Ерөнхийлөгч асан нар бүгд түүнд хүндэтгэл илэрхийлсэн байна.


Хунтайж Филипп нь Европын хааны удмын өмнөх болон одоогийн олон гишүүнтэй цусан төрлийн холбоотой тул тэдний олонх нь эмгэнэл илэрхийлсэн байна. Испанийн хаан Филипе, хатан Летиция нарын хувьд авга ах Филиппээ үргэлж санан дурсах болно хэмээн мэдэгджээ.


Мөн Эдинбургийн гүнгийн “Hillary Award” шагнал олон мянган залуучуудын амьдралыг өөрчилснийг Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн онцлон тэмдэглэв.


“Эдинбургийн гүн манай улсын төдийгүй дэлхий дахины нийгмийн амьдралд ихээхэн хувь нэмрээ оруулсан. Бид түүнийг хатан хааны амьдралынх нь түшиг тулгуур байсных нь хувиар санан дурсах болно” гэж Канадын Ерөнхий сайд мэдэгдсэн байна.


Пакистаны Ерөнхий сайд Имран Хан хунтайжийг “ухаалаг удирдагч” хэмээн тодорхойлоод, Пакистан-Их Британийн харилцааг хөгжүүлэхэд гүйцэтгэсэн түүнийг хувь нэмэр үргэлжид дурсагдан үлдэнэ хэмээн хэлэв. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн хувьд хунтайжийн нийгмийн төлөөх хүчин чармайлтыг сайшаасан байна.


“Миний бие улс орон, ард түмнийхээ нэрийн өмнөөс гүнээ эмгэнэл илэрхийлж байна” гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдэв. Мөн Зимбабве тэргүүтэй Африкийн орнуудын удирдагчид хунтайжид хүндэтгэл илэрхийлжээ.


Хунтайж Филипп энэ оны эхээр эмнэлэгт нэг сарын турш хэвтэн эмчлүүлж, зүрхний мэс засалд орсон юм. Виндзор цайздаа гуравдугаар сарын эхээр эргэн ирсэн тэрбээр 100 насыг зооглохоосоо хоёр сарын өмнө таалал төгслөө. 

Холбоотой мэдээ