БНСУ-ын Ерөнхий сайд Иранд хүрэлцэн очжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-04-12 09:30:10

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхий сайд Чун Се Гюн Солонгос дахь Ираны хөрөнгийг АНУ-ын хориг арга хэмжээнүүдийн дагуу царцаасантай холбоотой асуудал сунжирч буй энэ үед хоёр талын хэлэлцээ хийхээр Иран улсад ням гарагт хүрэлцэн очжээ. 


Техран Солонгосын нефть тээвэрлэгч хөлөг онгоцыг байгаль орчныг бохирдуулсан хэрэгт холбогдуулан гурван сарын турш саатуулсны эцэст ахмадынх нь хамт сулласнаас хэдхэн хоногийн дараа БНСУ-ын Ерөнхий сайд ийнхүү гурван хоногийн айлчлал хийж буй юм.


IRNA” агентлагийн мэдээлснээр, Чун Се Гюн Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани, тэргүүн дэд Ерөнхийлөгч Исхак Жахангири, парламентын дарга Мохаммед-Бакр Калибаф тэргүүтэй өндөр албан тушаалтнуудтай уулзахаар товлоод байгаа ажээ.


Уулзалтын үеэр Чун Се Гюн хоёр орны харилцааг бэхжүүлэх арга замын талаар болон Солонгосын банкнуудад царцаагаад буй Ираны долоон тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний хөрөнгийн асуудлаар хэлэлцэх төлөвтэй байна гэж ажиглагчид мэдээлжээ.


Ерөнхий сайд мөн Иранд үйл ажиллагаа явуулж буй “Samsung, LG”, SK Networks” зэрэг БНСУ-ын компаниудын төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөж байна.


Чун Се Гюн Иранд 2017 оны наймдугаар сард Үндэсний ассамблейн даргын хувиар айлчилж байсан бол БНСУ-ын Ерөнхий сайд тус улсад 1977 оноос хойш анх удаа айлчилж буй нь энэ ажээ. 

Холбоотой мэдээ