54 хяналтын цэгт 132 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-04-12 22:44:04
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн 15 сумын хэмжээнд 54 хяналтын цэгт 132 алба хаагч 62 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж, хорио цээрийн дэглэм сахиулж байна.

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр хүнсний ачаа тээвэрлэх болон зайлшгүй ажиллах шаардлагатай албан байгууллагуудын тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгож байгаа ба аймгийн Шуурхай штаб өнөөдрийн 17.00 цагийн байдлаар хот дотор зорчих зөвшөөрөл хүссэн 78 хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэжээ.

Аймгийн төвд Цагдаагийн газар, ОБГ, МХГ-ын алба хаагчид хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

Тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөн ямар байгаа тухай авто тээвэр, өөрөө өргөгч механизмын хяналтын улсын байцаагч Н.Батболдоос тодруулахад “Улаанбаатараас Өмнөговь аймаг руу дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийг аймгийн хойд хяналтын пост дээр бүртгэж, цагдаагийн машин дагуулан баруун постоор гаргаж өгч байгаа ба өнөөдөр 9.00 цагаас хойш 21 машин, 36 зорчигч дамжин өнгөрлөө.

Аймгийн төв рүү хүнсний ачаа тээвэрлэж ирсэн жолооч ачаагаа буулгаад буцах бол машинаас нь буулгахгүйгээр буцаах, хэрэв жолооч нь аймгийн төвд үлдэхээр бол 7 хоног тусгаарлалтад орох журмыг баримталж байгаа. Хөдөө сумаас эмнэлгийн үйлчилгээ авах зорилгоор ирсэн иргэдийг эмнэлгийн зориулалтын машин ирж хүлээн авч, эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байгаа” гэлээ. 

Холбоотой мэдээ