Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-04-13 14:20:22
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Цагдаагийн газар МХГ-ын алба хаагчидтай хамтран архи, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт хийн, тоолж лацадлаа.

Тус аймгийн Онцгой комиссын шийдвэр, Засаг даргын захирамжаар хатуу хөл хорионы дэглэм мөрдөгдөх хугацаанд аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа зарж борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон.

Тиймээс дээрх байгууллагууд хамтран аймгийн төвд архи, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий 35 аж ахуйн нэгж байгууллагын 20490 шил архи, 25220 шил шар айргийг агуулахад хийж лацадсан байна.

Мөн хатуу хөл хорионы дэглэмийн үед хүнсний дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарьт хязгаарлалт тогтоосон бөгөөд хяналт, шалгалтын явцад хүнсний дэлгүүрүүдэд аймгийн Засаг даргын захирамж, шийдвэрийг танилцуулж, мэргэжлийн байгууллагуудаас өгсөн зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллахыг уриалжээ. 

Холбоотой мэдээ