Дижитал юанийг онгоцны тийз худалдаж авахад ашиглаж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-04-16 15:12:38

ШАНХАЙ. /TASS/. Хятадад дижитал юаниар анх удаа онгоцны тийз худалдан авчээ. "Пэнпай" хэвлэлд мэдээлж буйгаар, төлбөрийн энэ хэлбэрийг Шанхайд төвтэй агаарын тээврийн “Spring Airlines” компани ашиглаж эхэлсэн байна.


Дижитал юаниар худалдан авсан 560 юанийн (86 орчим ам.доллар) үнэтэй анхны тийз нь Шанхай-Шэньжэнь чиглэлийн нислэгийнх бөгөөд иргэний нисэхийн салбарт Хятадын криптовалютыг ашиглах эхлэлийг тавьжээ.


Онгоцны тийзийг дижитал юаниар худалдан авахад “Spring Airlines” компанийн гар утасны албан ёсны программыг ашиглах боломжтой гэнэ. 


БНХАУ нь дижитал мөнгөн тэмдэгтийн хөгжүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа орнуудын нэг юм. Дижитал юанийг үүрэн холбооны дохио, интернэтийн холболтгүйгээр ч ашиглах боломжтой байж магадгүй байна. Өнгөрсөн оны наймдугаар сард БНХАУ-ын Ардын банкны (Төв банк) мөнгөний бодлогын газрын дарга Сун Гүөфэн тус улсын янз бүрийн хотуудад дижитал юанийг хаалттай туршиж байгаа талаар мэдээлсэн боловч яг хэдийд гаргах нь одоогоор тодорхойгүй байгаа юм.


2019 оны сүүлчээр дижитал юанийг Шэньжэнь, Сужоу, Чэнду, Бээжин болон тус хотоос холгүй байгуулсан Сюнъюань эдийн засгийн шинэ бүсэд, 2020 онд Шанхай, Чанша, Сиань, Циндао, Далянь хотууд болон Хайнань мужид туршжээ.  


Холбоотой мэдээ