Замын ажлуудыг эрчимжүүлэх, хяналтыг сайжруулахыг албаныханд үүрэг болгов

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-04-17 14:28:47

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Улаанбаатар чиглэлийн 204 километр автозамын шинэчлэлийн ажлыг өнгөрсөн сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлэн хийж эхэлсэн. Уг бүтээн байгуулалтын ажилтай Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, албаны зарим төлөөлөлтэй танилцлаа.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 5 багцад хоёр эгнээ авто замын шинэчлэл хийхээс 3 багцад зам, барилгын ажил явж байна.

Тавдугаар багц буюу Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог хүртэлх 30.7км авто замын ажлыг "Чайна Жео" компани гүйцэтгэж байна. Энэ оны ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар тус замд цементээр бэхжүүлэх суурийн ажил хийж байна. Авто замын суурийн бат бөхийн хуурай үеийн нягт нь 98 хувьтай байгаа талаар гүйцэтгэгч компаниас мэдэгдсэн байна. Энэ нь техникийн шаардлагад нийцсэн үзүүлэлт ажээ. Тавдугаар багцад өнгөрсөн жил 18 км замын хучилтыг хийсэн. Харин үлдсэн замын хучилтын суурийн ажлыг дуусган 7 дугаар сарын 1 гэхэд эхний ээлжийн хоёр эгнээ замыг барьж дуусгах үүргийг салбарын сайд өглөө.

Улаанбаатар-Дарханы чиглэлийн дөрвөн эгнээ авто замын хоёр эгнээг Европын сэргээн босголтын хөгжлийн банкны санхүүжилтээр барих юм.

Замын ажлуудыг эрчимжүүлэх, хяналтыг сайжруулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд холбогдох албаныханд үүрэг болгов. Авто замын ажилтай холбогдуулан орон нутгийн зүгээс чулуун карьеруудыг гаргаж өгөх, замыг чөлөөлөх зэрэг гүйцэтгэгч компанийг ажлаа явуулахад шаардлагатай бүх боломж нөхцөлийг хангаж өгсөн ажээ.

Холбоотой мэдээ