Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгөөс: Хүннү ваар /НТ209-93/

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-04-18 10:36:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ удаад Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй Хүннү ваарыг танилцуулж байна.

 

Сайтар шигшсэн саарал шаварлаг шороогоор хийсэн, үр тариа хадгалах зориулалт бүхий энэхүү ваар нь цайвар саарал өнгийн гөлгөр гадаргуутай, дэрэвгэр задгай амсартай, амсрын өндөр 1.5 см, хүзүүгүй, мөр хэсгээрээ цүлхийж, ёроол тийш шувтарч нарийссан, 0.8 см зузаан ёроолтой бөгөөд ёроолын хажууд 1 см голчтой цоорхой гаргасан нь тариа будааг удаан хадгалахад муутгахгүй байлгах үүднээс салхи оруулах зориулалттай урлажээ.

 

Нийтийн тооллын өмнөх 209 онд Төв Азийн тал хээр нутагт Модунь шаньюйгаар толгойлуулсан Хүннүчүүд өөрсдийн хүчирхэг ноёрхлоо тогтоож нүүдэлчдийн анхны төрт улсыг байгуулжээ.

Монгол улсын нутаг дэвсгэрээс Хүннүгийн үеийн хот суурингийн дурсгал олон илэрчээ. Эдгээрийн нэг нь Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төв аймгийн Борнуур сумын нутгийн заагт Бороогийн голын зүүн эрэгт, Цагаан чулуутын амны адагт орших Бороогийн суурин ба анх 1966 онд Монголын ахмад археологич Ц.Доржсүрэн нээн олсон бөгөөд газрын гадаргаас илэрсэн түүвэр олдворуудаас үндэслэн уг дурсгалыг Хүннүгийн үед холбогдохыг нь тогтоожээ.

 

Тэрээр “Эдийн боловсролын дурсгалууд их олдож байгаа хөмсөглөж нурсан эрэг ба ан цавыг даган явж үзэхэд дээрээс 20-30 см гүнд зарим газар маш олон ваарны хагархай, чулуу, малын яс, нүүрс цухуйж байх бөгөөд уртаашаа 30 орчим метр үргэлжилж байгаагаас гадна энэ зурвасын зарим газар зөвхөн улаан зурвас харагдаж байна. Үүнээс үзэхэд энэ нь булш хэрхэвч биш харин суурингийн үлдэгдэл болох нь зайлшгүй. Энэ нь манай улсын нутагт гэр ахуйн, эдийн боловсролын дурсгалууд маш их олдож болох төлөвтэй Хүннү улсын анхны суурин юм” хэмээн гярхай ажиглаж бичжээ. Мөн тэрээр Хүннү судлал ба тус улсын түүхэнд чухал ач холбогдолтой энэ сууринг манай археологичид ойрын хугацаанд малтаж шинжлэх хэрэгтэй гэсэн санал дэвшүүлсэн юм.

 

Үүнээс хойш 20 гаруй жилийн дараа археологич Д.Цэвээндорж нар 1987 онд тус сууринг үзэж, түүвэр олдвор цуглуулан, эвдэрсэн 2 байгууламжийг цэвэрлэж үзсэн байна. 1990 онд Д.Цэвээндорж, Унгарын археологич И.Эрдели нар уг сууринд анхны бага хэмжээний туршилтын малтлага үйлдсэн юм. Тэд хоёр хэсэг газар туршилтын цооног малтаж, олон тооны вааран савны хагархай илрүүлснээс гадна богийн далаар хийсэн багаж, хатаж дуусаагүй байхдаа дарагдаж шалчийсан вааран савны амсар мөрний хэсэг зэрэг онц сонирхолтой эд өлгийн зүйлсийг малтан гаргасан байна.

 

2005-2007 онд Ц.Төрбат, Н.Пуса нарын удирдсан Монгол-Швейцарын хамтарсан археологийн экспедици тус сууринд томоохон хэмжээний малтлага хийжээ. Бороогийн голын зүүн эргийн дагуух хоёр дэнж дээр нийт 1175 ам дөрвөлжин метр талбай, 75 м урт шуудуу, 90 м урт хөндлөн зүсэлтийг хийж хагас газар сууц 6, аж ахуйн зориулалттай 126 нүхэн байгууламжуудыг илрүүлэн олж малтан судласан байна. Судалгааны үр дүнд мал аж ахуй, газар тариалан, гар урлалын холбогдолтой хэдэн мянган эд өлгийн зүйлс илэрчээ.

 

Ц.Төрбат нар суурингийн он цагийг радиокарбоны шинжилгээгээр НТӨ II-I зуунд хамаарахыг тогтоосон байна.

 

Холбоотой мэдээ