Он гарсаар үйлдвэрийн 47 осол бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-04-19 11:04:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2021” энэ сарын 1-нээс  улс орон даяар эхэлж, энэ жил "Хямралыг урьдчилан харж, бэлтгэлтэйгээр даван туулъя, ХАБЭА-н тогтолцоог бэхжүүлье" уриан дор зохион байгуулж байна. 

Дэлхий нийтийг хамарсан "COVID-19" цар тахлын улмаас сарын аяны хүрээнд зарим ажлыг цахим хэлбэрээр хийж, “ХАБЭА-н тухай хууль дүрэм журмыг ажлын байрандаа хэрэгжүүлэх нь" сэдэвт цахим сургалтыг 4 дүгээр сарын 12-нд зохион байгуулав. Сургалтад нийслэлийн 9 дүүргийн ЖДҮ болон үйлчилгээ эрхлэгч, ажил олгогчийн 100 гаруй төлөөлөл хамрагдаж, 

  • ХАБЭА-н тухай хууль тогтоомж, ажлын байранд хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтыг сайжруулах, 
  • Ажлын байрны аюулгүй ажиллагаа дагаж мөрдөх, түүний ач холбогдол,
  • Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх нь, 
  • Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.


Засгийн газраас ХАБ-ын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, стандартыг үндэсний онцлог, олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн шинэчлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Үүний дүнд ХАБЭА-н удирдлага, хяналтын тогтолцоо бүрэлдэн бий болж, хууль эрх зүйн орчин сайжирч, ААН, байгууллагууд ХАБЭА-н асуудалд тодорхой хэмжээгээр анхаарч, эерэг хандлага төлөвшиж байгаа хэдий ч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчинд өртөж буй ажилтны тоо төдийлөн буурахгүй байна.

Манай улсын хэмжээнд он гарсаар 47, сүүлийн 3 жилийн байдлаар 972 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүртгэгдэж, Мэргэжлийн өвчин судлалын газрын хяналтад 2020 онд нийт 2961 хүн, 2021 онд 38 хүн шинээр нэмэгджээ. Энэ нь ХАБЭА-н тухай хууль, холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг сайжруулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шинэлэг үр дүнтэй хэлбэрээр зохион байгуулах шаардлага тулгарч байгааг харуулж байна гэж ХАБЭА-н Үндэсний хорооноос мэдээллээ. "COVID-19"-ийн цар тахлын нөхцөлд ажилтан, ажилчид ажлын байрандаа 5А зарчимыг мөрдөн хэрэгжүүлж байна. Үүнд:

  • Аюулгүй ажиллагаанд суралц,
  • Алжаалаа тайлж бие сэтгэлээ ажилд бэлтгэ
  • Ажил эхлэхээс өмнө түүнийг хэрхэн аюулгүй, зөв гүйцэтгэх талаар бод
  • Аюул, эрсдэлийг илрүүлж, арилга, эсвэл түүнийг мэдэгд
  • Ажлаа зөв гүйцэтгэх юм.


Тодруулга: Олон улсын Хөдөлмөрийн байгууллага 2003 оноос эхлэн 4 дүгээр сарын 28-ны өдрийг ХАБЭА-н өдөр болгон зарлаж, манай улс энэ өдрийг 2012 оноос эхлэн тэмдэглэж иржээ. Дэлхий нийтийг хамарсан "COVID-19" халдварын нөхцөл байдалд хөдөлмөр эрхлэгч, ажил олгогч хэн бүхэн амаргүй байдалд олон сорилттой тулгарч байна. 

Тиймээс хөдөлмөрийн харилцаанд оролцогч хүн бүр, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хянаж буй төрийн байгууллагын албан хаагч бүгд энэхүү аянд хамтран оролцсоноор ажлын байрыг эрсдэлгүй болгох, иргэдийг ажилтай, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг тавьж цар тахлыг хамтдаа даван туулна гэдгийг ХНХ-ын дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Зулпхар тэмдэглэж байна. 

Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ