Дэлхий даяар өнгөрсөн долоо хоногт халдварын хамгийн олон тохиолдол илэрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-04-20 09:57:44

ВАШИНГТОН. /CNN/. Дэлхий даяар өнгөрсөн долоо хоногт “COVID-19” халдварын 5.2 сая гаруй тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш нэг долоо хоногийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ даваа гарагт мэдээлэв.


Ингэснээр дэлхийн хэмжээнд халдварын тохиолдлын тоо сүүлийн найман долоо хоног дараалан өссөн дүн үзүүлж байна. Мөн халдвараар нас барсан тохиолдлын тоо таван долоо хоног дараалан өсөж, гурван саяд хүрчээ.


ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус, дэлхий даяар халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо нэг саяд хүрэхэд есөн сарын хугацаа зарцуулж байсан бол хоёр саяд дөрвөн сарын хугацаанд, гурван саяд гурван сарын дотор хүрснийг дурдаад, ийнхүү нэмэгдэж буйд ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлэв.


Мөн түүний мэдээлснээр, сүүлийн үед 25-59 насныхан халдвар авах, эмнэлэгт хүргэгдэх тохиолдол нэмэгдэх болсон бөгөөд үүнд коронавирусний илүү хурдан халдварладаг хувилбаруудаас гадна хүмүүс нэг дор олноороо цуглаж буй нь нөлөөлсөн байж магадгүй ажээ.


Тиймээс ДЭМБ-ын “COVID-19”-ийн асуудал хариуцсан дарга Мария Ван Керхове бөөнөөр цугларахаас зайлсхийх гэх мэт халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахын ач холбогдлыг онцлон тэмдэглэжээ. Мөн вирусний тархалтыг бууруулахын тулд шаардлагатай тохиолдолд гэрээсээ ажиллах, гэртээ байхыг хөхиүлэн дэмжихийг Засгийн газруудад уриалсан байна. 

Холбоотой мэдээ