Ажлын байранд сэжигтэй тохиолдлыг тусгаарлах 2-3 ажилтныг томилох шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-21 12:17:39
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ажлын байранд коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед хариу арга хэмжээ авах ЭМЯ, ХӨСҮТ-ийн гаргасан журмыг танилцуулж байна. 


Тухайн байгууллага, аж ахуйн нэгж сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөө бэлтгэсэн байна. Ингэхдээ,  анхны тусламжийн цомог, амны хаалт, нэг удаагийн халад, гар халдваргүйтгэгч, бээлий, хог хаягдлын уут зэрэг хэрэгслээр өрөөг хангана.


Мөн байгууллагын удирдлага коронавируст халдварын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах 2-3 ажилтныг урьдчилан томилсон байх юм. Хэрэв сэжигтэй тохиолдол илэрвэл байгууллагын хүний нөөцийн ажилтан удирдлагад мэдээлж, ХӨСҮТ-ийн утсанд дуудлага өгнө.


Сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гарах хүртэл тусгаарлах өрөөг битүүмжлэх бөгөөд ойрын хавьтлыг тандалт судалгааны баг ирэх хүртэл ажлын өрөөнд нь тусгаарлахыг журамд заажээ. 


Журамд зааснаар, "Сэжигтэй тохиолдол" гэж халуурах, ханиах, бөөлжих, гүйлгэх, толгой, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн хүнийг хэлнэ гэж тодорхойлжээ. Харин "Ойрын хавьтал” гэж 15 минутын турш сэжигтэй тохиолдолтой нэг метрээс дотогш зайнд харьцсан хүнийг хэлнэ гэсэн байна.


ЖУРАМ БҮРЭН ЭХЭЭРЭЭ:


Нэг. Нийтлэг зүйл


1.1. Ажлын байранд коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдол гарсан үед хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг зохицуулахад энэхүү зөвлөмжийг мөрдөнө.


1.2. Аж ахуйн нэгж, байгууллага бүр коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөөг бэлтгэсэн байна.


1.3. Коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ (100), НЭМҮТ (119) шуурхай мэдээлнэ.


Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт


2.1.“Сэжигтэй тохиолдол” гэж халуурах, ханиах, бөөлжих, гүйлгэх, толгой, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн хүнийг хэлнэ.


2.2.“Ойрын хавьтал” гэж 15 минутын турш сэжигтэй тохиолдолтой 1 метрээс дотогш зайнд харьцсан хүнийг хэлнэ.


2.3.“Тусгаарлах өрөө” гэж анхны тусламжийн цомог, амны хаалт, нэг удаагийн халад, гар халдваргүйжүүлэгч, бээлий, хог хаягдлын уут зэрэг хэрэгслээр хангасан өрөөг хэлнэ.


Гурав. Коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах хариу арга хэмжээ


3.1. Байгууллагын удирдлага коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах 2-3 ажилтныг урьдчилан томилсон байна.


3.2. Байгууллагын хүний нөөцийн ажилтан удирдлагад мэдээлж, ХӨСҮТ (100), (80086829), (119) дугаарын утсанд дуудлага өгнө.


3.3. Сэжигтэй тохиолдлын мэдээлэл авмагц томилогдсон ажилтан тусгаарлах өрөөнөөс амны хаалт, нэг удаагийн халад, бээлий, улавч өмсөж, тухайн хүнийг тусгаарлах өрөөнд хүргэнэ.


3.4. Сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гартал тусгаарлах өрөөг битүүмжилнэ.


Ойрын хавьтлыг тандалт судалгааны баг ирэх хүртэл ажлын өрөөнд нь тусгаарлана.

Холбоотой мэдээ