Хөл хорио зөрчсөн иргэдэд хариуцлага тооцно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-04-21 13:59:20
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Коронавирусний халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Орхон аймагт 4-р сарын 17-ноос 5-р сарын 1 хүртэл зөвшөөрөгдсөн 17 салбар, нэгжээс бусад салбарын автомашины хөдөлгөөнийг бүрэн хориод байна. Тус захирамжийн хэрэгжилтэд Орхон аймгийн Замын цагдаагийн тасаг хяналт тавьж, нийт 16 постод 32 алба хаагч 24 цагаар 2 ээлжээр үүрэг гүйцэтгэж байна. Хөл хорио тавьснаас хойш 4 хоногийн хугацаанд зөвшөөрөлгүй автомашинаар зорчих зөрчил илэрч байгаа тул Зөрчлийн тухай хуулийн 14.6.9 дэх заалтын дагуу хариуцлага тооцож ажиллана гэдгийг Цагдаагийн газраас анхаарууллаа.

Хөл хорионы үеэр эмнэлэгт зайлшгүй хандах шалтгаантай иргэдээс асуулга авч, хувийн автомашинаар зорчихыг зөвшөөрч байгаа гэдгийг Орхон аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга М.Баттулга хэлэв.  Үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн ААН, байгууллагууд:

1. Эрчим хүч, дулаан, усан хангамж

2. Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага

3. Шүүх, өмгөөлөл, нотариат

4. Шатахуун, түлшний хангамж

5. Хүнс, ахуйн хэрэглээний үйлдвэрлэл, худалдаа тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт

6. Ариутгал, халдваргүйжүүлэлт, хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, тээвэрлэлт

7. Цахим банк, автомат тооцооны машин

8. Газар тариалан, өвс тэжээл, түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тээвэрлэлт, худалдаа

9. Харилцаа холбоо, шуудан илгээмж

10. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хангах аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа /Шуурхай штабын зөвшөөрснөөр/

11. Хэвлэл мэдээлэл

12. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага

13. Геологи хайгуул, уул уурхай

14. Орон сууц, нийтийн үйлчилгээ, сууц өмчлөгчдийн холбоо

15. Буяны ажил

16. Бүтээн байгуулалт, барилга байгууламж, барилгын материалын үйлдвэрлэл худалдаа /хүргэлт, түгээлтийн үйлчилгээ/

17. Иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор оршин суугаа газрын ойролцоох байршил, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайд алхах, дугуй унах, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх

18. Авто машины дугуй засвар юм. 

Холбоотой мэдээ