Боаогийн чуулга уулзалтаар цар тахалтай тэмцэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-04-22 11:18:52

БОАО. /Xinhua/. "Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт"-ын энэ удаагийн уулзалт “COVID-19” цар тахалтай тэмцэх чиглэлд хамтран ажиллаж, дэлхийн засаглалыг бэхжүүлэх зөвшилцөлд хүрснээр өндөрлөжээ.


БНХАУ-ын өмнөд нутгийн Хайнань мужийн Боао хотноо дөрвөн өдөр үргэлжилсэн уулзалтад 60 гаруй улс орон, бүс нутгийн Засгийн газрын төлөөлөгчид, бизнесийн салбарын манлайлагчид, эрдэмтэн судлаачид тэргүүтэй 2600 гаруй төлөөлөгч оролцжээ.


"Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт"-ын 20 жилийн ой энэ жил тохиож буй юм. Энэ удаагийн уулзалтыг “Өөрчлөгдөж буй дэлхий ертөнц: Дэлхийн засаглалыг бэхжүүлж, Бүс ба Зам хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хамтдаа оролцъё” сэдвийн дор зохион байгуулж, Азийн улс орнууд, бүс нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар болон дэлхийн засаглал, хамтын ажиллагааг сайжруулах арга замын талаар хэлэлцсэн байна.


“Энэхүү уулзалт нь цар тахалтай тэмцэх чиглэлд хүчээ нэгтгэн хамтран ажиллаж, дэлхийн засаглалыг бэхжүүлэх нэгдсэн зөвшилцөлд хүрэхэд хувь нэмрээ орууллаа” гэж "Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт"-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ли Баодун мэдэгджээ. Мөн уулзалтын үеэр олон талт байдлыг баримталж, харилцаа холбоо, харилцан уялдаатай байдлаа бэхжүүлэхийг уриалж, дэлхийн эдийн засгийг сэргээж, хамтын хөгжлийг дэмжих арга замуудыг эрэлхийллээ хэмээн хэлэв.


2001 онд үүсгэн байгуулагдсан “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт” нь Азийн тогтвортой хөгжил, эдийн засгийн интеграцийг дэмжих үүрэг хүлээсэн төрийн бус, ашгийн бус олон улсын байгууллага юм. 

Холбоотой мэдээ