Дэлхийн гуравдагч орнуудын ШУА-ийн мэдээнд доктор Ц.Мөнхцэцэгийг онцолжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-04-22 14:39:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн гуравдагч орнуудын шинжлэх ухааны академи (TWAS)-аас өнөөдөр тохиож буй “Олон улсын эх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсаас ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Байгалийн нэгдлийн химийн лабораторийн эрхлэгч доктор Ц.Мөнхцэцэгийг онцолжээ.


2009 оноос хойш НҮБ-ын ерөнхий ассамблейн тогтоолын дагуу жил бүрийн дөрөвдүгээр сарын 22-ны өдрийг “Бидний амьдарч буй эх дэлхийгээ хайрлан хамгаалахын төлөө, илүү их хор уршиг тарихгүйн төлөө дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүн бүрийн дуу хоолойг нэгтгэн тэмцэх“-ийг уриалан “Олон улсын эх дэлхийн өдөр” болгон тодорхой нэгэн уриан доор тэмдэглэсээр ирсэн.  2021 оны хувьд энэ өдрийг “Restore Our Earth” буюу “Эх дэлхийгээ дахин сэргээцгээе” уриан дор тэмдэглэж байна.


Дэлхийн гуравдагч орнуудын ШУА-ийн мэдээнд, “Эх дэлхий, хүрээлэн буй орчны экосистемийг хамгаалах, дахин сэргээх үйл ажиллагааг дэлхийн олон улс оронд амжилттай ажиллаж буй эрдэмтэн, судлаачдын нарийн төвлөрсөн судалгаа, шинжилгээгүйгээр гүйцэтгэх боломжгүй"-г тэмдэглээд "Бидний сайн мэдэлгүй өнгөрчихдөг энэ төрлийн судалгааны ихэнхийг Дэлхийн гуравдагч орнуудын ШУА-ийн Жинхэнэ гишүүд болон Залуу гишүүд хийж байдаг” хэмээн дурдсан байна.


Доктор Ц.Мөнхцэцэг нь 2019 онд Дэлхийн гуравдагч орнуудын ШУА-д залуу гишүүнээр сонгогдсон бөгөөд 2020 онд түүний удирдсан судалгааны төсөл нь тус академиас санхүүжүүлдэг Суурь судалгааны грантад шалгаран “Монгол орны бэлчээрийн доройтолд тэсвэртэй ургамлуудыг судлах” судалгааны ажлыг гүйцэтгэж байгаа юм. Тэрээр тус судалгааны ажлыг ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ургамалжлын экологи, ургамлын нөөцийн лабораторийн судлаачидтай хамтран гүйцэтгэж байна.

Холбоотой мэдээ