Дэлхийн номын өдөр тохиож байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-04-23 08:23:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн номын өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас 1995 онд 4 дүгээр сарын 23-ныг “Дэлхийн номын өдөр” болгон зарласан билээ. Энэ өдөр дэлхийн 100 гаруй оронд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулдаг.


Манай улсад энэ өдөр Үндэсний төв номын сангаас эхлээд хот, аймгийн номын сангууд номын өдөрлөг зохион байгуулж, яруу найрагч, зохиолч уншигчдын уулзалт хийдэг уламжлалтай. Энэ өдөр хот, хөдөө, орон нутгийн номын сангууд "COVID-19"-ийн цар тахлын нөхцөлд цахимаар ном захиалан унших, шинэ номын танилцуулга, цахим худалдаа, үзэсгэлэн зохион байгуулж байна. Тухайлбал, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан өнөөдөр дэлхийн шилдэг 10 номыг цахимаар танилцуулж байна. 


"COVID-19"-ийн цар тахлын үед дэлхийн хүн амын гуравны нэг нь урдынхаасаа илүү ном уншиж, сонсож байна гэсэн судалгааг ЮНЕСКО-гоос гаргажээ. Халдварын хөл хорионы хугацаанд цагийг ашиглан мэдлэгээ тэлж, өөрийгөө хөгжүүлэхийг уриалж байна. 



Холбоотой мэдээ